Улаан.Ч Энхбаяр.Ж У.Хүрэлсүх 2019.04.10 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна

Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна

Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр төрийн ордонд болж байна.  Энэ удаа  Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

Улсын тариаланчдын зөвлөгөөнд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй, 21 аймгийн удирдлага, ХААГ-ын  мэргэжилтэн, тариаланчид оролцов.

Зөвлөгөөнөөр 2019 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, техник технологийн шинэчлэл, хаврын тариалалтын бэлтгэл явц, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцож байна. 

2019 онд  478.4 мянган га-д тариалалт хийнэ

2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулах, Булган аймагт Шинэ хөдөө төслийн хүрээнд 7 суманд тус бүр  8 га талбай бүхий жимс жимсгэнийн дуслын усалгааны төхөөрөмж, суулгац, нийлэг хальсан нийлүүлж жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн улсын төсвийн 171 сая төгрөгийн санхүүжилтээр алим, чавга, интоор, үхэр нүд, нэрс зэрэг бага тархацтай жимс жимсгэнийн суулгацыг нийлүүлж үржүүлүүлэх ажлыг зохион байгуулна.

БНХАУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод 50 га талбай бүхий хүлэмжийн аж ахуй байгуулахаар хамтран ажиллаж байна.

2019 онд улсын хэмжээгээр 387.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.7 мянган га-д улаанбуудай, 31.9 мянган га-д малын тэжээл, 29.1 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.4 мянган га-д тариалалт хийнэ.

Ургац хураалтын дүнгээр 508.1 мянган тонн үр тариа, үүнээс 487.2 мянган тонн улаанбуудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24.0 мянган тонн тосны ургамал, 165.8 мянган тонн төмс, 107.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодын ургацаас хангана.

Нийтдээ 386.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг  884.8 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Тариаланчдад үзүүлэх дэмжлэг  үргэлжилж байна

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэ онд дээрх аймгуудын  тариалангийн бүс нутгийг тогтоолгохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг гаргуулснаар нийтдээ 10 аймгийн нутагт бүс нутгийг зааглан тогтоосноор цаашид тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, тогтворжуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. 

Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг сайжруулах зорилгоор бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр сортын тухай”, “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд  35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж,  дутагдах 10.0 мянган тонн үрийг  импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд  квот олгох ажлыг зохион байгуулж байна.

- Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор шийдвэрлэж байгаа бөгөөд энэ нь хэрэгцээт нийт шатахууны 30 орчим хувь болж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд  нийтдээ  5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 3.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1518 тонн нийлмэл бордоо, 257 тонн гумины бордоог тус тус 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэх болно.   

Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг 7 жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлэжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтран 2017 оноос эхлэн ОХУ-ын “Внешэконом” банкны зээлийн хөрөнгөөр “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2017-2018 онуудад нийтдээ 25 нэр төрлийн 755 ширхэг техник, тоног төхөөрөмжийг нийлүүлснээр  эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэхэд дорвитой дэмжлэг болсон. Тиймээс техник шинэчлэлийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 3.2 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү хөрөнгөөр төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулах юм. 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд” 7.6 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа 50-165 морины хүчтэй 180 ширхэг трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл, даршны таримал хураагч 34 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техник нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаатай, 7 жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлэсэн. Дээрх трактор, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа төвшнөөс 10%-иар нэмэгдэнэ.

Мөн  дээрх төслийн 16,9 сая ам долларын хөрөнгөөр 50-125 га-ийн том оврын бороожуулагч болон 1-10 хүртэлх га талбайг услах хүчин чадал бүхий бага, дунд оврын усалгааны тоног төхөөрөмжийг  нийлүүлж байгаа бөгөөд 10 хувийн урьдчилгаатай, 8-12 жилийн хугацаатай зээлээр олгохоор шийдвэрлээд байна. Үүний үр дүнд 336 иж бүрдэл бүхий усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж үр тарианы 9000 га, төмс, хүнсний ногооны 770 га, жимс, жимсгэнийн 150 га талбайг усалгаажуулах боломж бүрдэх юм.

Жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв

Ногоочид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан нийлэг хальсан хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7-9 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

Засгийн газрын Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд 2018 онд улсын төсвийн 785.6 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 165.5 мянган ширхэг чацаргана, 33.0 мянган ширхэг үхэр нүд, 6.9 мянган ширхэг алим, 5.7 мянган ширхэг чавганы суулгацыг гадаад, дотоодын үйлдвэрлэгчдээс тендер шалгаруулан нийлүүлж 11 аймаг, нийслэлийн 150 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож тариалуулан жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв.

 Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 324 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд өвлийн хүлэмжийн цахилгааны  хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлүүлэв.

“Чацарганы кластерийн худалдаа-хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, өртгийн сүлжээ үүсгэх”, “Хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх”,  “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарын харьцуулсан судалгаа”-ны ажлыг эхлүүлээд байна.