П.Баярхүү 2019.04.10 | Монголын үнэн

Хот түүхэндээ анх удаа авто замын мастер төлөвлөгөөтэй болно

Хот түүхэндээ анх удаа авто замын мастер төлөвлөгөөтэй болно

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээллээр, Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төв үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвар хангалтгүй, авто замын сүлжээний холбоос зам дутуу байгаа. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийг дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай билээ.

Энэ ажлын хүрээнд

“Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө"-г хоёр жилийн хугацаанд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд тус ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ахлан ажиллаж, бэлэн болгосон байна. Бэлэн болсон авто замын мастер төлөвлөгөөг НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд өчигдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Уг мастер төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-аар батлуулах ажил үлдсэн бөгөөд төслийг баталснаар Улаанбаатар хот түүхэндээ анх удаа авто замын мастер төлөвлөгөөтэй болох юм байна.

Тус судалгааны ажил нь нийслэл ба Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийг тодорхойлж, шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой аж.

Авто замын мастер төлөвлөгөөтэй болсноор төлөвлөлтгүй зам тавих, хашаа барих нь арилж, гол, туслах замыг холбогдсон байдал, авто замын хөдөлгөөн, замын байгууламж, газар ашиглалт сайжрах боломж бүрдэх юм. 

Дашрамд энэхүү мастер төлөвлөгөө нь нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон олон ажлын нэг юм байна.