Ө.Энхтүвшин Ц.Мөнх-Оргил 2019.04.11 | Vip76.mn

Ө.Энхтүвшин: Үдийн хоол хөтөлбөр маш хэрэгтэй ч зохион байгуулалт сайн хийх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдаан 10 цагт  58.7 хувийн ирцтэйгээр эхэлж  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санаачлагчид болон ажлын хэсгээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

"Сүүлийн үед үдийн цайтай холбоотой олон асуудал гарч ирэх болсон. Хөтөлбөрийн хувьд хэрэгтэй сайн боловч зохион байгуулат муугаас болж асуудлууд гарч ирсээр байгаа юм.

Түүхийг нь ярьвал би 2006 онд Боловсролын сайд байх үедээ эхлүүлж байсан. Тэр үед Улсын төсөвт мөнгө  байгаагүй учраас Мобиком корпорациас 300 сая төгрөг авч хэрэгжүүлж байсан. Би Мобиком корпорацид баярлалаа гэж хэлмээр байна. Энэ ажлын анхны санхүүжилт гаргасан.

Тухайн жилдээ улсын төсөвт төрөөс мөнгө гаргаж төсвийн тодотголоор оруулж өгч байсан. Энэ хөтөлбөр хэрэгжиснээр хүүхдүүд хичээлдээ ирэх, анхаарал хандуулах сайн талуудттай. Гол нь сайн чанартай хоол хүнсээр хангах ёстой. Гол нь зохион байгуулалттай холбоотой сөрөг үр дагавар гараад байна.

2020 оны 1 сарын 1-ээс бид хэрэгжүүлж чадах уу? Төсөвт тодотгол хийхгүйгээр энэ их гал тогоо сургуулиудад байгуулах мөнгөө оруулахгүй бол ямар ч бэлтгэлгүй эхлүүлээд худлаа шоу болох эрсдэл байна. Бэлтгэл хангах тооцоолол, хөрөнгийн боломж харагдахгүй байна. Зөвхөн цалингийн зардалд 40 тэрбум гэж байна. Үүнийг хаанаас гаргах вэ? Төсөвт тодотгол хийхгүй гэсэн энэ үед ийм их мөнгөн дүн тавиад баталлаа гэхэд хугацаандаа хэрэгжүүлж амжих уу?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Хууль 2020 оны 9 сарын 1-ээс хэрэгжих юм. Ингэхдээ өнөөдөр үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд үргэлжлүүлээд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаад явна. 2021 оноос 5-8, 2022 оноос ахдах ангиуд энэ хөтөлбөрт хамрагдаад явах юм.

300 гаруй тэрбум төгрөг гэхээр харахад том байгаа ч 5-6 жилийн дотор хуваагаад жилдээ 50-60 тэрбум төгрөг болно. Гол нь ингэснээр бид хүүхдүүддээ эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хоол өгөх юм.

УИХ, Засгийн газарт сургуулиудын шаардлагыг нарийвчлан гаргаад он онд хийгдэх засваруудаа гаргах, тогооч, хоол зүйч нараа бэлтгэхийг үүрэг болгож байгаа юм."