Б.Дэлгэрсайхан 2019.04.11 | Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Сургуулиуд туслах аж ахуйтай байх нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдаан 10 цагт  58.7 хувийн ирцтэйгээр эхэлж  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санаачлагчид болон ажлын хэсгээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Гол нь үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй байлгахын тулд мөнгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр нэг хүүхдийн үдийн цайнд зориулж өдөрт 600 төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөөр та нар яг юу авах вэ? Өнгөрсөн удаад Замын-Үүдэд ажиллаж, иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг хөндөж хүүхдүүдийн жин бага байна, бие нь давжаарсан гэх мэт асуудал байгааг эцэг эхчүүд хэлж, бухимдалтай байсан. Тэнд Ууганбаяр гэх залуу надад нэг судалгаа өгсөн. БСШУСЯ-д судалгаа байна уу? Гол нь мөнгө, санхүүгийн асуудал нь чухал байна.

Мөн сургууль өөрөө туслах аж ахуйтай байж байж чанартай хангалттай юмаар хангана. Тиймээс энэ заалтыг хасахгүй харин ч оруулах хэрэгтэй. Өмнө нь биднийг бага байхад сургуулийн туслах аж ахуйтай байгаад түүнд нь сурагчид очоод гар бие оролцоод төмс хүнсний ногоогоо нөөцөлчихдөг л байсан.

Өнөөдөр багш нар ч хүнд байна. Цалин багатай өдөр бүр гараад хоол аваад идэх боломж байна уу? Хүүхдүүдтэйгээ зэрэгцээд хоолоо идчихдэг байх ёстой. Үүнийг нь хуулиараа оруулаад зохицуулчихмаар байна. Ингэвэл цаг хугацаа хэмнэнэ, багш нарын цалинд ч хэмнэлттэй болно.

Хуулийн 9.1.2-т хандив авч болохгүй гэсэн байна. Яагаад болохгүй гэж үзсэн бэ? Хөдөө орон нутагт хүүхдүүддээ туслах, дэмжих, хөрөнгө оруулах хүсэлтэй иргэн байгууллага байгаа. Тиймээс үүнийг анхаарч үзээрэй.”