Сандагсүрэн.Ж 2019.04.11 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр дахь номын сан нээгдлээ

Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр дахь номын сан нээгдлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг тус дүүргийн нутаг дэвсгэрүүдэд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд анхны номын санг өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байгуулсан бол энэ жил тус дүүргийн 15 дугаар хороонд байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус номын сан 6000 орчим номтой бөгөөд номын санг баяжуулах ажил цаашид үргэлжилнэ гэдгийг Засаг дарга Ж.Сандагсүрэн онцлов.

Энэхүү номын санд хүүхдийн зохиолоос гадна дэлхийн сонгодог ботиуд байгаа бөгөөд хоёр наснаас дээш бүх насны иргэдэд зориулсан гэдгээрээ онцлогтой юм байна. Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Бид иргэдийн эрүүл мэнд болон боловсролын нэн тэргүүнд тавьж, иргэдийг хөгжүүлэх бодлогыг баримталж ажиллаж байгаа. Иргэнийг хөгжүүлэх гол зүйл боловсрол. Тэгвэл боловсролыг дэмжих гол арга нь ном.

Сүүлийн үед хүүхэд залуучууд ном унших нь багассан гэж шүүмжилдэг. Гэтэл тэдний ном унших нөхцөл боломж дутмаг байгаа учраас номтой нөхөрлөх хүн цөөрөөд байгаа юм. Тиймээс иргэдэд хамгийн ойр байхаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийн хэрэжүүлж байгаа юм. Амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулахдаа хийх юмгүй сууж байснаас ном уншаад сууж байх нөхцлийг л бүрдүүлэхийг зорилоо. Ном унших гэж номын сан орж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байна.

Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санг 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш гэж үзээд дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж нэг номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” хэмээн ярилаа. Энэхүү номын сан нь харьяалал харгалзахгүй үйлчлэх бөгөөд өглөө 09:00-18:00 хүртэл ажиллах юм байна.