Ч.Улаан 2019.04.11 | Үндэсний Шуудан

Ч.Улаан: Төр засгаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ

Ч.Улаан: Төр засгаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ

“Улсын тариаланчдын зөвлөгөөн" газар тариалангийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй, 21 аймгийн удирдлага, ХААГ-ын мэргэжилтэн, тариаланчид оролцож, санал солилцлоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан

“Энэ жил технологийн дагуу тариалалтаа хийж, арвин ургац авах зорилготой байгаа. Төр засгаас үзүүлэх дэмжлэгүүдээ үргэлжлүулнэ ОХУ-ын техникүүдэд тариаланчид ам сайтай байдаг учраас техникийн шинэчлэл хийнэ. Үр, бордоо, шатахуун, услалтын систем, жимсний суулгацыг нийлүүлэх ажлуудыг хийнэ. Мөн энэ жил шинээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэвэл тариалангийн талбайг хашаажуулах ажилд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа” гэлээ.

Энэ онд тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх аж.

Уг ажлын хүрээнд Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэний суулгац үржүүлгийн төв байгуулах бөгөөд Булган аймгийн долоон суманд тус бүр найман га талбай бүхий жимс жимсгэнийн дуслын усалгааны төхөөрөмж, суулгац, нийлэг хальсан хүлэмж нийлүүлэхээр болжээ.

Ингэснээр жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт нэмэгдэнэ гэдгийг зөвлөгөөний үеэр онцлов. Харин алим, чавга, интоор, үхрийн нүд, нэрс зэрэг багатархацтай жимс жимсгэнийн суулгацыг улсын төсвийн 171 сая төгрөгийн санхүүжилтээр үржүүлүүлэх бөгөөд нийслэлд 50 га талбай бүхий хүлэмжийн аж ахуй байгуулах гэнэ.

Зөвлөгөөний үеэр улсын хэмжээнд үр тариа, улаан буудай, малын тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ гээд нийт 478.4 мянган га талбайд тариалалт хийхийг салбарын яамнаас танилцууллаа. Ингэснээр дотоодын урга-цаас буудай, төмсний хэрэгцээг зуун хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг хангана. Тариалангийн талбай ашиглалтыг сайжруулахын тулд нийт 86.3 мянган га талбайд уринш боловсруулж, бэлтгэснээр эргэлтийн талбайн хэмжээг 884.8 мянган га-д хүргэх юм байна.

ТАРИАЛАНЧДАД 4.8 САЯ ЛИТР ШАТАХУУН ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн тариалангийн бүс нутгийг тогтоох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Зөвлөгөөний үеэр нийт 10 аймгийн нутагт бүс нутгийг зааглан тогтоохоор боллоо.

Харин тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулан 47 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлжээ. Дотоодын эх үүсвэрээс бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар борлуулах гэнэ. Тариаланчид олгох шатахууны тухайд 11.6 тэрбум төгрөгийн, 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор шийдвэрлэжээ. Мөн 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 1518 тонн нийлмэл бордоо, 257 тонн гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай олгох юм байна. Энэ ажилд нийт 5.6 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Эдгээр ажлуудыг зохион байгуулснаар тариаланчдад учрах санхүүгийн дарамт багасч, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанар сайжирч, ургацыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

ЗЭЭЛ ОЛГОСНООР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАП 10 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Хөгжлийн банкнаас “Ди Би Эм Лизинг" ХХК-тай хамтран 2017 оноос эхлэн ОХУ-ын “Внешэконом” банкны зээлийн хөрөнгөөр “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа.

Төслийн хүрээнд 2017-2018 онуудад нийт 25 нэр төрлийн 755 техник, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Энэ нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхэд дэмжлэг болж байгаа учраас энэ онд ч бас үргэлжлүүлэхээр болжээ. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 3.2 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ. Харин БНХАУ-ын Засгийн газрын 7.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа 180 ширхэг трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл, даршны таримал хураагч 34, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техник нийлүүлэхээр болжээ. Эдгээр техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаатай, долоон жилийн хугацаатай зээлээр олгосноор газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа төвшнөөс 10 хувиар нэмэгдэх аж. Мөн төслийн хүрээнд том оврын бороожуулагч болон 1-10 хүртэлх га талбайг услах хү-чин чадал бүхий бага, дунд оврын усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.

ЖИМСТ ЦЭЦЭРЛЭГИЙН ТАЛБАЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

Энэ онд нийлэг хальсан хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа, 7-9 жилийн хугацаатай зээлээр олгоно.

Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд улсын төсвийн 785.6 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 165.5 мянган чацаргана, 33 мянган үхрийн нүд, 6.9 мянган алим, 5.7 мянган чавганы суулгацыг гадаад, дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлээд байна.

Ингэснээр 11 аймаг, нийслэлийн 150 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв. Түүнчлэн Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхээр болоод байгаа билээ.

М.Үүрийнтуяа