2019.04.11

Б.Бат-Эрдэнэ: 600 төгрөг гэдэг бол дэндүү бага мөнгө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.30 цагт эхэлж  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулаад дотуур байрны асуудал орж ирж байгаа учраас энийг цогцоор нь ямар зохицуулалт хий юм бэ энэ дээр санал хэлье. Яг бодит байдлаар дотуур байрны хоолны зардалд нэг хүүхдэд 3380 төгрөгийн зардал төсөвлөж өгсөн байдаг. Өнөөдөр энэ инфиляци үнийн өсөлттэй харьцуулах юм бол 600 төгрөг гэдэг бол дэндүү бага мөнгө. Бид үдйин цай хөтөлбөрийг нэг хоёрдугаар ангиас нь 300 төгрөгөөр эхэлж байсан. Хаа байсан 10 гаран жилийн өмнө 600 төгрөгт хүргээд тэнд царцаацан өнөөдрийг хүртэл явж байна.

Тиймээс хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой энэ харилцааг зохицуулсан хууль гаргахыг дэмжиж байгаа. Гэхдээ хууль гараад араас нь санхүү хөрөнгийг нь шийдвэрлэхгүй бол юу ч урагшаа гишгэхгүй шүү дээ.

Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд баримтлах зарчим гээд шинэ зүйл орж ирж байгаа юм байна. Бид нар өмнө ерөнхий боловсролын сургуулийн заалны стандартыг баталсан гэтэл одоо баригдаж байгаа шинэ сургуулиуд дээр яг энэ стандартаар баригдаж байна уу гэвэл үгүй.

Тэгэхээр одоо энэ хоол үйлдвэрлэлийн стандарт гэдэг дээрээ сайн ярьж тэр байрыг яаж бий болгох юм хуучин сургуулиуддаа өргөтгөл барих юм уу гэх мэт юмыг нэг цогцоор нь харж шийдээрэй.