Сонгинохайрхан дүүргийн 261 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлээ
2019.04.12

Сонгинохайрхан дүүргийн 261 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нар  холбогдох албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 261 дугаар цэцэрлэгээр зочилж, багш ажиллагсадтай уулзаж, тэдний өмнө тулгамдаад буй асуудлыг сонсон, санал солилцож, бяцхан багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Цэцэрлэгийн удирдлагын зүгээс сургуулийн өмнөх насныханд зориулагдах сургалтын материал бэлдэхэд нэн шаардлагатай компьютер, техник хэрэгсэл хүссэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хотын захиргаанаас өгөхөөр боллоо.

Гэр хороолол дунд баригдсан ч орон зай талбайн хувьд өргөн хэмжээтэй, чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн 261 дүгээр цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьжээ.  Тус цэцэрлэг нь 41 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 7 бүлэгт 242 хүүхэд багачуудын хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр суралцуулж байгаагийн зэрэгцээ  гадна орчиндоо  биеийн тамирын болон тоглоомын талбай,  ногоон байгууламж, эцэг эхчүүдэд зориулсан авто машины зогсоол  зэргийг бүрэн шийдсэн 1 га талбайтай нь эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байгаа гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч танилцуулгадаа  дурьдлаа.  Мөн багшлах боловсон хүчинг өөрийн дүүрэг, хорооноос  сонгож ажиллуулж байгаа нь  алслагдсан дүүрэгт ажлын байрыг  нэмэгдүүлсэн сайн жишиг болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.