Л.Мөнхбаатар 2019.04.12 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: Ерөнхий прокурорын дэргэд ажлын хэсэг байгуулахаар санал солилцож байгаа юу?

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Энэ хэргийн хянан шийдвэрлэх үйл явц ч гэсэн нилээн төвөгтэй байсан. Тиймээс тухайн үеийн Монгол Улсын парламентын гишүүн амь насаа алдсан хэрэг гарсан учраас Олон Улсын Парламентын хороо байнга анхаарал хандуулж ирсэн. 2017 оны 9 сард тус хорооны Хүний эрхийн хорооноос төлөөлөгчид ирж ажиллаад санал зөвлөмж гаргасан. 10 төрлийн зөвлөмжийг Монголын парламентад өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгүүд ажиллахад хэргийн цар хүрээ өргөн эрх хэмжээний асуудал байгаа учраас Түр хороо байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн.

Түр хорооны ажиллах хүрээ хязгаарыг тогтоож, тодорхой болгох хэрэгтэй байна. Түр хороо нь тодорхой асуудлыг хянан шалгаж, санал дүгнэлт гарган танилцуулаад татан буугддаг. Бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүд бүрдүүлнэ. Ажиллах хугацааг тогтоож өгдөг. Бүрэлдэхүүний хувьд маргаан үүссэн. Гэхдээ хэн ч хэдэн ч гишүүн орж ажиллах боломжтой.

1996 оноос хойш Парламентын түүхэнд 8 байнгын хороо ажиллаж байсан. 12-26 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Тиймээс УИХ-аас Түр хорооны бүрэлдэхүүнийг батлаад явах боломжтой.

Хүрээ хязгаарын хувьд тодорхой зорилго тавиад түүнийгээ биелүүлэх ёстой. Хүн амины хэрэг, Эрүүдэн шүүсэн хэрэг. Энэ 2 асуудлыг хэрхэн хянан шалгах вэ гэдэг нь Түр хорооны эрхийн хүрээнд хуулийн дагуу шийдэгдэнэ. Үүнийг тодорхой  болгох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь нууцын зэрэглэлтэй. Олон ажиллагаа байдаг. Нотлох баримтуудтай танилцах хэрэг гарна. Тиймээс бүх гишүүд оролцоод явах боломжгүй. Ерөнхий Прокурорын дэргэд ажлын хэсэг байгуулах ёстой. Үүний талаар санал солилцож байгаа юу?"

Түүний асуултанд Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд хариуллаа.