Мөнх-Оргил.Ц 2019.04.12 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Засгийн газар бодлогоороо, цаг алдахгүй хэлэлцүүлэх хуулийн төслөө өргөн барих ёстой

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Надад хэлэх 3 санал байна.

  1. Улсын дундаж тэтгэвэрийн хэмжээ гэсэн эрх зүйн ойлголт байхгүй. Тооцооны аргачлал. үүнийг хуульд оруулаад батлаад НД-ын сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд огт байхгүй зүйлийг хуульчилаад явж болохгүй гэж үзэж байна. Аргачлал бол байж болох ч хуулийн хувьд ийм аргачлал дээр суурилсан тооцоо хийхэд зориоулсан томъёоллыг хуульд оруулж ирж байгаа нь цаашид НД-ын сангийн хууль тогтоомжийг улам ойлгомжгүй болгох аюул байна. Үүнийг салбарын сайд хуультай нийцүүлэх хэрэгтэй байна.
  2. Эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг өргөн барьсаныг дэмжиж байна. Гэхдээ жендерийн асуудал болгох нь зохимжгүй. Үүнийгээ бусад гишүүддээ тайлбарлавал эрэгтэй гишүүд дэмжиж болно. Зөвхөн эмэгтэй ч биш эрэгтэйчүүдийн асуудал ч хамрагдана. Иргэдтэй уулзахад хэлдэг асуудлууд ч энэ хуульд байгаа учраас бусад гишүүддээ хэлж боловсруулахад оролцоотой байлгаж болно. 
  3. С.Чинзориг сайдын хэлээд байгаа Засгийн газраас өгсөн санал дээр зөв зүйл байгаа юм. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, 20 жил ажилласан эмэгтэйг нас харгалзахгүй гаргана. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, 15 жил ажилласан, 50 нас хүрсэн эмэгтэйг тэтгэвэрт гаргаад байсныг засч залруулах боломж нь энэ хуулиар орж ирж байгаа юм.

1990 оноос хойш 4 төрлөөр наснаас нь өмнө тэтгэвэрт гаргасан байхад олон хүүхэдтэй эхчүүд л энэ хуулиар нэмэлт тэтгэвэр авах боломжтой байсан. Гэтэл 27 жил ажилласан нас харгалзахгүй эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаад, 32 жил ажиллаад 55 нас хүрсэн эрэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаж байгаа энэ 2 бүлгийнхэн одоогийн шинэ хуулийн төсөлд хамаарагдахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр ажлын хэсэг үүнийгээ засах боломжтой юу? 

С.Чинзориг сайд хэлсэн 4000 гаруй хүн улсын дундаж тэтгэврээс илүү авч байгааг энэ асуудалдаа яаж оруулах вэ? Хууль батлагдаад явбал тухай 4000 гаруй хүний тэтгэврийг хасах юм уу? Хувилбарууд гаргамаар байна. 

Сүүлийн үед Засгийн газар нэгдсэн бодлогоороо цаг алдахгүй өргөн барих ёстой хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн бариад байна. Заримдаа бүр Засгийн газар боловсруулсан хуулиа гишүүдээр өргөн бариулаад байна. Засгийн газар бодлогоороо өргөн барих ёстой хууль гэж байх ёстой. Мөн гишүүдийн өргөн барьсан хуульд Засгийн газар дэмжиж байгаа эсэх, үгүй гэсэн саналаа тодорхой өгөх шаардлагатай байна."