2019.04.12

Л. Мөнхбаатар: Найдвартай баталгаатай шинэ тогтолцоотой болох асуудлыг оруулж ирэх хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Дөрвөөс дээш хүүхэдтэй түүнийгээ өсгөж хүмүүжүүлсэн, 20 жил ажилласан эхчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжийг олгосон. Үүний дагуу орсон олон эхчүүд байдаг. Энэ эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгаа. Хөдөө орон нутаг Хөвсгөл аймагтаа ажиллаж байхад иргэд олон нийтийн тавьдаг гол зүйл бол тэтгэврийг нэмэгдүүлэх тэтгэврийн зөрүүг арилгуулах асуудлууд байдаг.

Өнөөдөр ийм чухал асуудлыг хэлэлцэж байгаад баяртай байна. Манай нам олонх болж дэмжлэг авсан мөрийн хөтөлбөр бий. Мөрийн хөтөлбөрт маань бол жил бүр тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн ийм заалт байгаа. Үүний хэрэгжилтийг хангах нэг хууль бол энэ хууль болж орж ирж байна.

Монгол улсын тэтгэврийн тогтолцоог бид ярих хэрэгтэй. Манай тэтгэврийн тогтолцоо бол хувиарлах зарчим буюу дан ганц даатгуулагчдын шимтгэлийн орлогоор явж байгаа. Энэ тогтолцоондоо тэтгэврийн сангийн мөнгөнд үр ашиг өгөх төсөл хөтөлбөр оруулаад арвижуулдаг өсгөдөг ийм систем хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зардалаа нөхөж чадахгүй, улсын төсөвт багагүй дарамт болоод байгаа ийм учраас тэтгэврийн даатгалын тогтолцоогоо нэг мөр авч үзээд засгийн газраас найдвартай баталгаатай шинэ тогтолцоотой болох асуудлыг оруулж ирэх ёстой.

Тэтгэврийн хэмжээг 2019 оны 02 сарын нэгнээс нэмэгдүүлсэн. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 50 хувиас доошгүй байхаар бодож тогтоодог. Энэ онд 319 мянган төгрөг 2020 он буюу ирэх жил 420 мянган төгрөг байхаар шийдсэн гэж ойлгосон. Тэгэхээр 2020 оны тэтгэврийн доод хэмжээг хамгийн дээд тал нь ямар хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой вэ?