2019.04.12

Б.Баттөмөр: Бодлогын чанартай хуулиудад өөрчлөлт оруулахад Засгийн газар голлон анхаарч ажилламаар байна

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ үдээс хойших нэгдсэн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Өндөр цалин өндөр тэтгэвэр, тэтгэмж бол баялгийн хуваарилалтын сонгодог хэлбэр. Тиймээс Монголын төрийн анхааралд байх ёстой.

Хууль эрх зүйн орчныг шинэчлэх бодлого гэдэг юм одоо хэр байна вэ? бодлогогүйгээр УИХ-ын гишүүн болгон л хууль санаачлаад байх шаардлага байна уу? Эрэгтэй, эмэгтэй гэж хүйс заагаад оруулаад ирэх юм. Үүнд ямар бодлого байна вэ?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газар дэмжихгүй, эсрэг санал өгсөн байх юм. Улсын төсөв энэ жил 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай. Үүнээс НДСан 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Тиймээс төсөвт нэмэлт ачаалал орж ирж байгаа ийм тохиолдолд Засгийн газар оруулж ирж байвал яасан юм бэ? 

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөө ажиллуулмаар байна. Оны дундуур орж ирж байгаа хуулиудад тэр зөвлөл санал өгч шийддэг баймаар байна."