Бат-Эрдэнэ.Б М.Билэгт 2019.04.12 | Vip76.mn

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслөөр завсарлага авлаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслөөр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав.

Хуулийг хэрэгжүүлснээр ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн төлбөр авах боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Мөн уг төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-нөөс хуулийн төслийг анхлан хэлэлцүүлж эхэлсэн. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Ийнхүү уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.

Хуультай холбоотойгоор хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

“Хуулийн төслийн үзэл баримтлалд ус бохирдуулсны төлбөрийн 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300 толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, 1 га талбайгаас их хэмжээний газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заасан. Энэ бол хариуцлагагүй уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас татвар авах оролдлого. Тиймээс энэ хуулийн төслийг батлах ёсгүй” хэмээв.

Түүний саналыг Б.Бат-Эрдэнэ гишүүн дэмжиж буйгаа илэрхийллээ.  Ус бохирдуулсаны төлбөрийг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулж байна гэдэг бол уул уурхайн компаниудад эерэг дэмжсэн гэтэл нөгөө талдаа малчдын хувьд их ээдрээтэй ийм асуудал гарах гээд байна. Энэ дээр ХАА-н яам ямар байр суурьтай байна. Тодорхой хугацаагаар хойшлуулаад дахин авч үзсэн дээр байх. Гүний цэнгэг ус бол олон зуун жил болж байж бүрэлддэг. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэхүү хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Ийнхүү өнөөдрийн чуулган өндөрлөв.