2019.04.15

"БНСУ дахь Монголчуудын Супер цом-2019" тэмцээн Сөүл хотноо боллоо

Ардчилсан Хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохиогдсон "БНСУ дахь Монголчуудын Супер цом-2019" тэмцээн Сөүл хотноо гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээн сүүлийн жилүүдэд манай улсын баг тамирчдын Ази тив, дэлхийн томоохон тэмцээнүүдэд маш амжилттай оролцож буй 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр зохиогдсон юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ардчилсан нам, хамтран зохион байгуулагчаар МҮСБХ, 3Х3 сагсан бөмбөгийн холбоо, БНСУ-ын Күүкмин Их Сургууль оролцсоноос гадна, БНСУ-ын Корё Их Сургуулийн Анам эмнэлэг, MAXFC холбоо, E9Pay зэрэг байгууллагууд дэмжиж хамтран оролцлоо.

Уг тэмцээнд нийт 30 баг оролцож, эрэгтэй эмэгтэй төрөлд тэргүүн байраар YES багийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж хос цом өргөв.

Эрэгтэй төрөлд дэд байрт Хамаг монгол баг, Гутгаар байрыг Корё Их сургуулийн баг эзэлж, эмэгтэй төрөлд дэд байрт Тэгү их сургуулийн баг, гутгаар байрт Lava багууд шалгарсан бол шилдэг тоглогчдоор Yes багийн Одбаяр, Мөнх-Эрдэнэ нар нэрлэгдэж, цом өргөмжлөл гардан авлаа.