Н.Учрал: Хөгжилд хүрсэн орнууд нийгмийн тулгуур гурван салбараа туйлд нь хүртэл дэмждэг
2019.04.15

Н.Учрал: Хөгжилд хүрсэн орнууд нийгмийн тулгуур гурван салбараа туйлд нь хүртэл дэмждэг

УИХ-ын гишүүн Н.Учрал боловсрол оюуны салбарын хөгжлийг дэмжих тухайд ярьдаг цөөн гишүүдийн нэг. Тэрбээр Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулагдсан Багш нарын 7 дугаар их хуралд “Багш бол нийгмийн хөгжлийн тулгуур багана” илтгэлдээ боловсролын салбарын тогтвортой байдлыг хангах түүнчлэн багшийн хөгжлийг дэмжих талаар байр сууриа илэрхийллээ. Илтгэлээс онцлох агуулгыг ишлэлээр хүргэж байна.

 
  1. Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачилж Монгол улс түүхэндээ анх удаа Багшийн хөгжлийг дэмжих хуулийг баталж Дэлхийн боловсролын түүхэнд боловсролыг дээдлэгч улс юм гэдгийг баталлаа.

  2. Монгол улс багшаа хуулиар хамгааллаа. Монгол улс багш мэргэжлийг хуульч мэргэжлийн дараа хуульчилж чадлаа. Энэ бол бахархал мөн гэж хэлэхийг хүсэж байна. Энэ бол багшийнхаа хөгжлийг хуулиар баталгаажуулсан ардчилсан Монгол улсын түүхэн гавьяа.

  3. Боловсрол бол хөгжлийн үндэс боловсролыг бэхжүүлэгч нь багш юм.

  4. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд шүүмжилж болох,  шүүрс алдам сайхан заалтуудыг хэрэгжүүлж чадвал багш мэргэжлийг сонгох залуусын цуваа тасрахгүй.

  5. Сургуулийг хүн хөгжлийн төв болгож, сургууль хүүхдэд мэдлэг боловсрол чадвар олгодог төдийгүй эрүүл чийрэг, эрүүл зан суртахуунтай, эерэг , амьдрах ухаантай, эх оронч болоход тусалдаг санаачлага хэвшүүлэх хуульд бүрэн тусгагдсан.

  6. Сургуульд багшийн хөгжлийг дэмжих төв байгуулагдан, хувьсах зардлынхаа хоёр хувьтай тэнцэхүйц төсвөөр багш нарын хөгжлийг дэмжинэ.

  7. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.

  8. Багшийн ажлын чанартай уялдуулан цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ.

  9. Сайн ажилласан багш нар заавал 5, 10 жил ажиллахгүйгээр зэрэг, дэвийг нэмэгдүүлнэ. Залуу багш 3 жилийн дотор зэрэг нэмэх боломжийг гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтоож болохоор болно.

  10. Сургалтын хөтөлбөр, сурах бичиг байнга өөрчлөгдөж үүнээс болж сурах бичиг хэвлэгдэн гараагүй цаг хугацаа алддаг тохиолдол өнөөдрийг хүртэл байсаар байна. Энэ мэт алдаа нь багш нараас бус бодлого барьж буй төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж байгаа гэдгийг би хэзээд хэлнэ, хэлсээр байна, хэлсээр ч байх болно.Тэдний алдаа завхралаас болж та бидний ирээдүй хойч болсон хүүхэд багачууд хохирч байна.

  11. Бид нар багш нараас Дэлхийн жишигт нийцсэн боловсролыг олгохыг шаарддаг багш нар маань ч хичээдэг тэгтэл бид дэлхийн жишигт нийцсэн цалин хөлсийг өгч чаддаг билүү? Дэлхийн жишигт нийцдэггүй юм гэхэд Монголдоо амьдрал ахуйгаа аваад явчих хэмжээнд хүргэчих хэрэгтэйг хэзээ ярьж эхлэв? Ярьсан нэгнийг улс төрчид гар хөлөө болгож хоёр гурван хүний амьдралыг өөд гарвал бүх зүйл зогсдог ядуу сэтгэлгээнээс хэзээ салах вэ?

  12. Боловсролын салбар багшийн хөгжил хоёр хэзээ айлын шоовдор хүүхэд шиг адлагдахаа болих вэ? Асуултын хариултыг хүлээсэн жингийн цуваа тасрахгүй байна. Асуудлууд шил шилээ даран овоорсоор байхад төр хаана нуугдана вэ?

  13. Монголын сэхээтний томоохон давхаргын төлөөлөл болсон олон сайхан залуучууд амьдралын эрхээр хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж харийн хүний нүдэнд бүлтгэнэн хөдөлмөрлөж багш хийж байснаа бусдаас ичсэндээ нууж ар гэрээ тэжээх гэж үйлээ үзэж явааг бид харсаар суух уу? Багш нараа ийм хэмжээнд аваачсан төр засгийн буруу. Бодлого нь тогтворгүй алсын хараагүй явсны гай нь энэ юм.

  14. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж муу ажиллах орчин муу амьдралд хүрэлцээгүйн улмаас олон багш залуус мэргэжлээ хөрвүүлж өөр ажил хийцгээж байна.Үүнээс болж тодорхой салбарын багш нарын олдоц муу байна.

  15. Багш нарыг дэмжсэн бодлого бүх улсад хэрэгжиж ач тусаа өгсөөр байна.

  16. Боловсролын салбар ирээдүй болсон хүүхдэдээ эрдэм ном заах багшгүй болтлоо бодлогоо алдсан байна.

  17. Багш нарын тэтгэврийг насыг наашлуулах зүй ёсны шаардлага байгаа тул хууль санаачлан батлуулахаа амлаж байна.

  18. Багш нарыг цаасан хэрэглээнээс татгалзаж технологийн дэвшлийг ашиглаж нэвтрүүлнэ.

  19. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу ажилгүйдэл гэх форумыг зарлаж хөдөлмөрийн яам эрэлтээ зарладаг боловсролын салбар нийлүүлэлтээ хийдэг сайн жишгийг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж байж төгсөгчид ажлын байртай болно.

  20. Долларын саятныг төрүүлж чадсан Норвегийн жишээ, Боловсролын үлгэр загвар Финландын боловсролын модель, Хөтөлбөрийн шилжилтийн сонгодог загварыг бий болгогч Сингапур, Төвшин, төвшинг шатлал системийн үр дүнг үзүүлэгч Англи орны үзэл суртлын нэгдсэн анализ дундаас боловсролын бодлогыг төрүүлэн гаргах үүрэг хариуцлагыг багш нараа хамтдаа ухамсарлацгаая.

  21. Хөгжилд хүрсэн орнууд нийгмийн тулгуур гурван салбараа туйлд нь хүртэл дэмждэг нь бодлого бус жам ёсны асуудал болоод байна. Дэлхийн хөгжлийн луужин мэдлэгийг зааж байна.