Б.Ууганбаяр 2019.04.16 | Монголын мэдээ сонин

Б.Ууганбаяр: Иргэд гамшгийн соёлд суралцах шаардлагатай

Б.Ууганбаяр: Иргэд гамшгийн соёлд суралцах шаардлагатай

Монголын мэдээ сонин, Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ

ОБЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах аж. Одоогоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа


 

-Нийслэлийн гамшгаас хам­гаалах иж бүрэн сур­гуулийн талаар манай ун­шигч­дад дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Нийс­лэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд олон арга хэмжээг НЗДТГ, НОБГ-ын зүгээс зохион байгуулна. Шадар сайдын тушаал гарч ажлын хэсэг томилогдсон. Хамгийн  эхний  өдөр  буюу  24-ний өдөр Сүхбаатарын талбайд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Томилгоотой мэргэж­лийн ангитай жагсаал эх­лүүл­нэ. Жагсаалын дараа 950 орчим удирдах албан тушаал­тан команд штабын сур­гуу­лил­тад оролцох юм. Сур­гал­таар Улаанбаатар хотод томоо­хон газар хөдлөлт тохиолд­сон хийсвэр байдалтай ний­цүү­лээд бид хоорондоо ярил­цах,  сургуулилт хийх  үйл ажил­ла­гаа болно.  Харин 25-ны өдөр ард  иргэдийн оролцоотой сургуулилт хийгдэнэ. Ингэхдээ өглөө 7:30 минутаас 9:30 минутын хооронд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн бүх хөдөлгөөнийг зогсоох юм. Өглөөний 08 цагт зарлан мэдээллийн дохио  Улаан­баатар хотод 60 цамхгаар дамжиж дугарна. Хэрвээ иргэд зарлан мэдээллийн дохиог сонсоогүй бол 08 цагт дугарсан  гэж тооцоод,  111 цэг дээр очих учиртай.

Эдгээр цэгүүд  хороо, дүүрэг бүрт бэлтгэгдсэн байгаа. Хэрвээ мэдэхгүй бол хорооны дарга болон дүүргийнхээ ОБГ-аас асуух боломжтой. Айл өрхүүдэд тухайн дүүргийн цэгт очих маршрутыг заасан сурталчилгааны материалыг  тарааж эхэлсэн. Иргэд  тухайн сурталчилгааны материалыг  хүлээж аваад, гарын үсэг зурна. Дадлагад оролцохдоо сурталчилгааны материалыг  хорооны бүртгэлийн ажилтанд бүртгүүлнэ. Олон хүн  байгаа учир иргэд аль болох  уурлах­гүй, бухимдахгүй байхыг хичээ­гээрэй гэж хүсмээр  байна.

Сургуулилт өглөө 9:30 минутад дуусаад 10 цагаас Улаан­баатар хотын төр  захир­гаа­ны бүх  үйл ажиллагаа эхэлнэ. Үргэлжлүүлэн нүүлгэн шил­жүү­лэлт,  хээрийн эмнэлэг дэл­гэх,  аврах ажиллагааны дад­лага сургуулилтыг Хүй долоо худагт хийнэ.  Хагас сайнд буюу 26-ны өглөө зөвхөн нийслэлийн удирд­лагын хүрээнд дүүргийн Засаг дарга нарыг оролцуулсан бие бялдар, сэтгэлзүйн сорилыг зохион байгуулна. Төрийн байгууллагын ажил­чид бүртгэлийн хуудсаа бай­гуул­лага­даа үзүүлж сургуулилтад оролц­сон гэдгээ мэдэгдэх юм. Давхар төрийн ажил, бүртгэл  яваг­даж байгаа гэсэн үг шүү дээ. 

-Тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана гэхээр Улаанбаатар хотод ирэх, хотоос гарах тээврийн хэрэгслүүдийг хэрхэн зохи­цуулах вэ?

-Хөдөө орон нутгийн иргэдэд болон хотод ирэх, гарах иргэдэд давхар анхааруулах зүйл бий. Өглөө 07 цагаас 9:30 минутын хооронд Улаанбаатар хот руу орж,  гарах  боломжгүй. Хөдөлгөөнийг бүрэн хязгаар­лана гэсэн үг. Өглөө  07 цагаас өмнө хотоос гарч болно. 

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын гол зорилго нь юу вэ?

-Энэ удаагийн сургуулийн гол зорилго нь иргэд аврах 111 цэг хаана байрлаж байгааг мэддэг болох, аливаа гамшиг тулгархад аврах цэгт очих ёстой гэдэг сэтгэлгээг бий болгоход оршиж байна. Сүүлийн үед  дэлхийн улс орнуудад гамшгийн соёл гэдэг зүйлийг их ярьдаг болсон. Түүний жишгээр тусгаар тогт­но­сон  Монгол Улсын хувьд  гамшгаас хамгаалах  үйл ажил­ла­гааг зохион  байгуулж чаддаг,  иргэд нь ч мэддэг ,  хариуцлагатай,  дэг журамтай гэдгийг харуулах  шаардлага бий. Гамшгаас сэргийлээд анхааруулга мэдээлэл өгөөд  байхад манай ард иргэд тоолгүй хүчтэй салхи шуурга, цасан шуурганаар  гараад  явчихдаг. Энийг л бид болих хэрэгтэй. Казакстан улс л гэхэд салхи шуургатай гэж мэдээллэхэд,  байгаа газраа зогсдог болчихсон. Ингэж үүргээ биелүүлж байна. Япончууд  мөн адил. Энэ бол соёл байхаас гадна тухайн улсын иргэн хүний хариуцлага гэж ягштал ойлгох хэрэгтэй. 

-Цаашид энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулах уу. Иргэдэд хэвшүүлэх шаард­лагатай юм шиг санагдлаа?

-Тийм ээ, санал нэг байна. Ойр ойрхон гамшгаас хамгаалах  сургалт зохион байгуулж хэвшил болгох хэрэгтэй. Газар хөдлөлт, чичирхийллийн тоо сүүлийн 10 жилд  асар их нэмэгдсэн. Газар хөдлөлт хаана болох магадлалтай вэ гэдгийг тогтоож болох ч, хэзээ гэдгийг мэдэх боломжгүй. Тиймээс гэнэтийн гамшгийн аюул ирэхэд яах ёстой вэ гэдгийг л  иргэдэд ойлгуулах юм. Манай улсын хувьд ой хээрийн түймэр,  зудын гамшиг эдийн засаг талаасаа их хохирол учруулдаг. Монголчууд  хэдэн зуугаараа гамшигт өртсөн тохиолдол байхгүй ч,  хамгийн эрсдэлтэй нь  газар  хөдлөлт шүү дээ. 

-Хөдөө орон нутагт газар хөдөлсөн тохиолдол их бүрт­гэгдэх боллоо. Айм­гуу­дад энэ төрлийн  арга хэмжээг  зохион  байгуулах уу?

-ОБЕГ гамшгаас сэргийлэх сургуулилт, дадлагыг бүх  аймагт зохион байгуулсан. Зарим аймагт  бид гурав дахь  удаагаа ч хийсэн. Үндсэндээ нийслэлийнхнээс бусад иргэдэд ойлголт өгсөн.