Н.Амарзаяа 2019.04.16 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Өмнөговь аймгийн соёлын байгууллагын төлөөллүүд Улаанбаатар хотноо туршлага судаллаа

Өмнөговь аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгон зарласан. Үүний хүрээнд аймгийн соёлын мэргэжилтнүүд, аймгийн Хөгжимт жүжгийн театр, Орон нутгийг судлах музей, Төв номын сан, 14 сумдын удирдлагуудыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Улаанбаатар хотноо урьж, ирүүлжээ. 

Өмнөговь аймгийн соёлын байгууллагуудын төлөөллүүд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нартай уулзаж, Төрийн ордны есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотод туршлага судлаж байгаа ажлын хоёрдахь өдөр "Эко аялал жуулчлал, язгуур урлаг, хөгжим болон нүүдэлчин ахуй амьдрал" зэрэг Монголын соёлын салбарын ямар бүтээгдэхүүн хэсгүүд эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход нөлөөлөх, үүнд сумдуудын соёлын төвүүдийн үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох зорилготойгоор “Соёл, урлагийн байгууллагын стратеги төлөвлөлт, хэтийн бодлого” сэдвээр СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс, М.Гэрэлмаа багш нарын удирдлаган дор зөвлөлдөх уулзалт, сургалтад хамрагдсан юм.