2019.04.16

М.Билэгт: Нийгмийн халамжийг хавтгайруулж бус зорилтот хэсэгт нь олгох ёстой

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ:

Нийгмийн халамжийг хавтгайруулж бус зорилтот хэсэгт нь олгох ёстой. Биднийг бага байхад жилдээ нэг удаа ээж маань хүүхдийн баяраар одонгийн тэтгэмжээ авдаг байлаа. Тухайн үед хүүхдүүд нь 0-16 настай тохиолдолд олгодог байсан. Дөрвөн хүүхдийн нэг нь 18 нас хүрэхэд гурван хүүхэд гэдэг утгаараа хасагддаг байсан.

Жилдээ нэг хүүхдэд 20-40 мянган төгрөг ноогдохоор олгож байгаа гэж үзвэл насан туршид нь бус зөвхөн 0-16 насны хүүхдүүдтэй ээжүүдэд одонгийн мөнгө олгодог болгоод нэг хүүхдэд оногдох мөнгийг нь нэмэгдүүлбэл ямар тоо гарах вэ?

Нэг нас хүртэл нь өсгөөд хүүхэд эндсэн ч тэтгэмжид хамруулах ёстой. Хамгийн хариуцлагатай хүнд үе. Хүүхдийнх нь тоогоор олгоод  дээр нь 30 тэрбум байсан үнийн дүнг нь бууруулахгүйгээр олгох эхийн тоо буурах юм чинь үнийн дүнг нь нэмвэл илүү үр дүнтэй гэсэн санааг хэлмээр байна.