Ц.Даваасүрэн 2019.04.16 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Элчин сайд Филип Малонетай уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  Элчин сайд Филип Малонетай уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонетай 2019 оны 03 дугаар сарын 14, 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус тус уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцсан. Эхний уулзалтын үеэр Элчин сайд Филип Малоне Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд “Ухаалаг эрчим хүч форум”-ыг хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын эрчим хүчний системд нэн ялангуяа сэргээгдэх эрчим хүчний хөгжилд тулгамдаад байгаа гол асуудлаар Их Британий мэргэжилтнүүдийг урьж авчран салбарын инженерүүдэд мэдээлэл өгсөн нь Форумын маш том ач холбогдол гэдгийг онцолж хэлсэн. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон дагалдах төлөөлөгчид 2019 оны 03 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад албан ёсны айлчлал хийх үедээ Лондон хотын цахилгаан эрчим хүчний ухаалаг сүлжээтэй танилцсан. Английн Эрчим Хүчний Түгээх компани нь түгээх сүлжээндээ нарны эх үүсвэрийг ажиллуулж, нэгдсэн мэдээлэл, хяналт, удирдлагын цогц  системийг нэвтрүүлсэн байдаг. Энэхүү сүлжээний бүх бүрэлдэхүүн тоног төхөөрөмж нь алсын зайн мэдээллийн сувгаар бодит хугацааны агшинд мэдээлэл солилцож ажилладаг. Тухайлбал, тухайн эрчим хүчний түгээх сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд энэ ухаалаг систем нь 30 секунд хугацаанд гэмтлийн аль нэг цэгт гэмтэлтэй хэсгийг салгаж, бусад хэсгийн ажиллагааг сэргээн хэвийн горимд ажиллуулдаг. Ингэснээр энэхүү ухаалаг сүлжээ нь түгээх компани болон эцсийн хэрэглэгчдэд өөрсдийн эрчим хүчний хангамж хэрэглээгээ ухаалгаар удирдах боломжийг олгодог байна.  

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Элчин сайд  Филип Малоне, ИБУИНВУ-ын Худалдааны төлөөлөгч Жүдит Слатер нартай уулзаж,ИБУИНВУ-д хийсэн албан ёсны айлчлалын уулзалтуудыг хэрхэн ажил хэрэг болгох, Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ИБУИНВУ-д хийсэн албан ёсны айлчлалын уулзалтууд ажил хэрэг болох, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлага гарна. Үүнд та бүхнийг туслалцаа үзүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.