Байнгын хороо Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ
2019.04.17

Байнгын хороо Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

“2017 онд баталсан Эрүүгийн хуулийг шүүмжлэх хүн олон байдаг ч энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэрэг 40 хувиар буурч, хохирлыг эргэн төлсөн байдал сайжирсан зэрэг олон давуу тал бий болсон” хэмээв. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл байгаа эсэхийг тодруулав.

Нэр дэвшигч С.Алиманцэцэг, “Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэрхшээл тулгарч байсан. Авлига, хүрээлэн буй орчин, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зэргээр хуулийн гол үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Прокурорууд сэжигтнийг яллах бус хүний эрхийг хамгаалах, хэргийг үнэн зөв шийдвэрлэдэг байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дурдлаа. Түүнчлэн сэжигтнийг яллахаас гадна цагаатгах боломжийг эрэлхийлж, хүний эрхийг хамгаалахад идэвх зүтгэл гарган ажиллахыг нэр дэвшигчдэд захив.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо.