Л.Элдэв-Очир А.Сүхбат 2019.04.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

БОХХААБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

БОХХААБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.17) хуралдаан 14 цаг 20 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар  тогтоолоор байгуулсныг дурдаад энэ хугацаанд Дэд ажлын хэсэг хоёр, Ажлын хэсэг нэг удаа тус тус хуралдсан байна.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Ажлын хэсгийнхэнд тусгай хамгаалалтад авах 22 газрын хоёрт нь газрын тосны олборлолт, төмөр зам барихтай холбоотой давхцал гарч, маргаан үүсгээд байгаа асуудлыг цэгцлэх, зөв гарц, гаргалгаа гарган шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулж чиглэл өглөө.   

Ингээд Ажлын хэсгээс зарим газар нутгийг тусгай хамгаалтад авахдаа тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөлд солбилцлоор нь тусгасан боловч нэрийг нь дурдаагүй 9 сумын нэрийг оруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.