У.Хүрэлсүх 2019.04.17 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав

Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна.

Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашгаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихэд түлхэц үзүүлнэ гэж тооцоолж байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17,3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5,3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болно гэж үзжээ.

2017 оны байдлаар бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд 900 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.  

Сум бүрт “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулна

Улаанбаатар хот болон орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор шийдвэрлэв. Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Төвийн мэдээллийг системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм байна.

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

“Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулах болов. Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

2018 оны эцсийн байдлаар 38 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж өссөн дүнгээр 187 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34 790 ажлын байр шинээр бий болж, 20 373 ажлын байр хадгалагджээ. Сан 89 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна.