Б.Батзориг 2019.04.17 | Vip76.mn

Б.Батзориг: Зарим газруудыг тусгай хамгаалалтаас гаргах шаардлага бий

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм.

Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ:

 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. Эрдэнэт хотын Овоотын уурхайн чиглэлд төмөр зам барих, шилжүүлэх концессын гэрээ байгуулсан байна.

Энэ  нь 22 газартай давхацсан байна гээд нэлээд зузаан ноцтой баримт өгсөн. Ажил явуулахад нэг нь нөгөөгөө гацаадаг баймааргүй байна.  Зарим газруудыг тусгай хамгаалалтаас гаргах шаардлага мөн бий. Би энэ талаар бүтэн жил ярьж байна. Баянзүрхийн товчоо орчимд 500 гаруй айл амьдарч байна. Гэтэл өнөөдрийг хүртэл газар эзэмших гэрчилгээгээ авч чаддаггүй.Шалтгаан нь Богд уул тусгай хамгаалалтай гэдэг. Энэ асуудлыг яам хэзээ шийдэх юм бэ.

Иргэд хохирч, биднээс байнга асууж байна. Сонгууль болохоор тусгай хамгаалалтаас гаргана, та нарт газрыг чинь эзэмшүүлнэ гэдэг. Холбогдох хүмүүст нь хэлэхээр асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэг. Цаг хугацаа яваад л байна, энэ асуудлаа хурдан шийдээч ээ. Дараагийн асуудал нь бэлчээрийн хомсдол. Тусгай хамгаалалт гээд малаа оруулдаггүй, хэн ч ашигладаггүй, хамгаалдаггүй ийм болгочихдог. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ.