Л.Оюун-Эрдэнэ 2019.04.18 | Монголын мэдээ сонин

С.Зоригийн хэргийг нягтлах түр хорооноос Л.Оюун-Эрдэнэ нэрээ татлаа

С.Зоригийн хэргийг нягтлах түр хорооноос Л.Оюун-Эрдэнэ нэрээ татлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний санаачилсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ.

Иймд тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалсан. Үүний дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, тус хорооны ажиллах хүрээ, хугацаа, төлөвлөгөө нь ОУПХ-ны дүгнэлтэд тодорхой байгаа эсэхийг тодруулав.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд "ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хүргүүлсэн дүгнэлтэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлыг судалж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тодорхой тусгасан. Эргэлзээтэй асуудал байхгүй" гэлээ.

Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Түр хорооны гишүүнээс нэрээ татлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин түр хороонд орох санал ирүүлснийг олонх дэмжсэнээр байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.