2019.04.18

Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймаг Монголын түүхийг хадгалж байгаа том газар нутаг

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Тусгай хамгаалалтад авч байгааг дэмжиж байна. Энд Хэнтий аймгийн Улз, Дэлгэрхаан уулыг тусгай хамгаалалтад авч байна. Хэнтий аймаг бол түүхийн дурсгалт газруудаараа одоогийн энэ тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгуудтай харьцуулбал их баг газар авахаар ногдож байна. Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгох гэж ажлын хэсэг очоод дуу алдаад ирсэн. Хэнтийчүүд Монголын түүхэн газар нутгуудаа гайхамшигтайгаар авч үлдсэн ард түмэн байна гэж талархал илэрхийлсэн.

Одоо Гутайн даваа, Гутайн гол, Сайхны гол гэх мэт 3-4 газар байна. Тэнд уурхай ухаад удаж байна. Энэ газруудыг яагаад тусгай хамгаалалтд авахгүй байна вэ? Хэрлэнгийн хөдөө арал бий. Чингис хааныг Хаан суудалд суулгасан түүхт газар. Тэнд Шамаан хэмээх газрын тосны компани ухна гээд бөөн юм болсон шүү. Үүнийг хөөцөлдөж байж болиулсан. Энэ хэвээрээ юу? Эцэст нь тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авч байна. Дараа нь хамгаалалт нь ямар байдаг вэ?"