Болд.Л Л.Энхболд 2019.04.18 | Vip76.mn

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.07 цагт гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нараас өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав.

Тэрбээр, энэ асуудал С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, нөгөө талд нь энэ  гэмт хэргийг бусдад тохох гэж эрүүдэн шүүсэн бас нэгэн гэмт хэрэг болсныг онцлохын зэрэгцээ Түр хороо байгуулаад хууль, прокурорын байгууллага, бүх гэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дуудан ирүүлж, парламентад хариулт өгч, хуулийн өмнө хариуцлага үүрэх цаг болсон гэж  байлаа.

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг нэмэхийг дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ