С.Бямбацогт 2019.04.18 | Vip76.mn

С.Бямбацогт: Тусгай хамгаалалтад авсан газар нутагт оршин суугаа иргэд зүй зохистой ашиглах, хамгаалах өөрчлөлтийг хийгээрэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ.

Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.

Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Тусгай хамгаалалтад авч байгаа орон нутгийн иргэдтэй уулзаж, мэдээлэл өгөх, хамгаалалт нь хэрхэн хийгдэж байга азэрэгт анхаарах хэрэгтэй байна.

Тогтоолын төсөлд газар нутаг нь хамаарахгүй зарим сумдыг хамруулсан байна. Жишээлбэл Ховд аймгийн Сутай уулыг хамгаалалтад авахдаа Мөст суманд хамаарагдах мэт оруулж иржээ. Үүнийг анхаараарай.

Мөн Говийн их дархан цаазат газарт Ховд аймгийн Үенч сумын 50% нь хамаарч байхад огт оруулаагүй байх жишээтэй. Батлуулахаар оруулж ирэхдээ ийм хайнга оруулж ирчээд газар дээрээ очоод хамгаалалтад авахад ойлгомжгүй болно. Хамгаалагчид яаж тэр тодорхойгүй газраа эргэж тойрох вэ гэдэг асуудал үүснэ шүү."