М.Билэгт 2019.04.19 | Vip76.mn

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан иргэд Төрийн түшээдээ талархал илэрхийллээ

УИХ-ын гишүүн М.Билэгтийн санаачилгаар Баянхонгор аймгийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хэд хэдэн сумын иргэд, малчдад тусламж үйлчилгээ үзүүллээ. Ингэхдээ нарийн мэргэжлийн эмч нарын баг, лаборатори шинжилгээний багууд ажиллаж байна.

Үүнд тус сумын иргэд талархалтай хандаж байгаагаа илэрхийлжээ. Малаа даган хөдөө хөрч, гадаа гандаж явдаг малчид эмнэлэгт тогтмол үзүүлэх нь байтугай сум, аймгийн төвүүдрүүгээ ч жтлдээ тоотой хэд орж ирдэг. Тиймээс энэ ажил хөдөөгийн иргэдэд тустай сайхан ажил юм гэж үзлэгт хамрагдсан иргэд хэлж байлаа.

Иргэдийн хол ойр, хот хүрээ явах зардал чирэгдэл, цаг хугацааг хэмнэсэн, малчдыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгосноороо ач холбогдол өндөртэй ажил болж байна.

Хоёр дахь жилдээ явагдаж буй энэ үзлэг оношилгоогоор хорт хавдар, элэг дотор, зүрх судас, мэдрэл, эмэгтэйчүүд зэрэг төрөл бүрийн өвчин эмгэгүүд илэрч зарим нь эмчлэгдэж аз жаргалаар дүүрэн алхаж яваа бол зарим нэг нь хожуу оношлогдсоноор хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг эмч нар харуусан хэлж байсан.

Энэ жилийн эрт илэрүүлгээр л гэхэд сүүлийн жилүүдэд зогссон элэгний бэтэг өвчин Баян-Өндөр, Баянцагаан сумаас хэд хэд илэрсэн байна. Мөн зүрх судас, хоол боловсруулах эрхтний эмгэг өөрчлөлтүүд олны анхаарал татаад байгаа зарим нэг халдварт өвчнүүд ч үзлэг, шинжилгээний явцад илэрсээр байгааг эмч нарын баг хамт олон тодотгон хэлж байлаа.

Мөн тухайн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, удирдлагууд М.Билэгт гишүүний энэхүү нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд талархалтай хандаж аль болох иргэдээ олноор хамруулахын төлөө сэтгэл дүүрэн ажиллаж байна. Харин нэг талархууштай нь энэхүү нарийн мэргэжлийн эмч нарын болон лаборатори шинжилгээний багт монголын эрүүл мэндийн салбарт толгой цохидог эмч, мэргэжилтнүүд багтсан нь хөдөөгийн иргэдэд нэн тааламжтай байхын зэрэгцээ тэдний сэтгэлд эерэг ханамж хандлагыг төрүүлж байсан нь иргэдийн нүүрэнд тодорсон инээд баясал, хэлж ярьж байснаас илт байлаа.

Мөн энэ үеэр хөдөө ажилласан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн эмч Ц.Баянмөнхөөр ахлуулсан ажлын багт ч хөдөө сумдын иргэд талархалтай хандаж байсан юм. Нарийн мэргэжлийн эмч нарын болон Лаборатори шинжилгээний багийнхан Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Бөмбөгөр сумдад үргэлжлүүлэн ажиллана.