Усны тухай хуулийг хэлэлцэхэд ирц хүрсэнгүй
2019.04.19

Усны тухай хуулийг хэлэлцэхэд ирц хүрсэнгүй

Үдээс хойших чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийсэн. 17 цаг 20 минутаас чуулган нээлттэй горимд шилжиж Усны тухай хуулийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчын илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлтыг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.

Ингээд хууль санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн А.Сүхбат “Өглөө МҮОНРТ-ийн зөвлөл томилоход ирц бараг л 100 хувь байсан. Гэтэл одоо чуулганы ирц хүрэлцэхгүй байна. Хуулийн төслийг хойшлуулж, дараагийн хуралдааны эхний асуудал болгож хэлэлцүүлж өгнө үү гэсэн горимын санал гаргав.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд “Усны тухай хуульд тусгай хамгаалалтад авч болно гэж заасан. Энэ нь хориглосон юм шиг ойлгогдож байх шиг байна. Хэрэв стратегийн орд ашиглахаар бол журмаар усны хамгаалалтыг цуцална гэсэн заалт ч бий. Нийт усны нөөцийн цэнгэг усыг л хамгаалъя гэж хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж дуусан санал хураах үед чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа, ажлын цаг дууссан учраас УИХ-ын дарга чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.