С.Чинзориг 2019.04.22 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Дадлагажигч илгээх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлсэн JITCO-д талархал илэрхийлэв

Дадлагажигч илгээх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлсэн JITCO-д талархал илэрхийлэв

С.Чинзориг сайд JITCO буюу Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч К.Сүзүкиг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсад дадлагажигч ажилтан илгээх тал дээр олон жилийн хамтын ажиллагаатай JITCO байгууллага Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд тус байгууллагын ерөнхийлөгчид тусгайлан талархал илэрхийллээ.

Ноён Т.Сүзүки Япон улс Тусгай ур чадвартай ажилчдын тогтолцооны тухай хуульдаа өөрчлөлт оруулж энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хоёр улсын хооронд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсныг сайшааж, амжилттай хэрэгжүүлэхэд өөрийн талаас боломжтой бүхий л хэлбэрээр  дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Япон улс ажиллах хүчний дутагдалтай болж буй энэ цаг үед ур чадвартай ажилтанг шууд ажиллуулах тогтолцоо чухал үр дүнтэй бөгөөд өмнөх ур чадварын дадлагажигчийн тогтолцоотой хамааралтай хэрэгжинэ гэдгийг Т.Сүзүки ерөнхийлөгч онцлон дурдаж байлаа. Тодруулбал, дадлагажигчаар ажиллах гурван жилийн хугацаа дуусахад ажиллуулж байгаа газрын санаачилгаар хугацааг сунган оршин суух визэнд хамруулах боломжтой болох аж. 2018 оны байдлаар 1154 монгол иргэн Япон улсад ажиллаж байгаа бөгөөд шинээр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу энэ тоо үлэмж хэмжээгээр өснө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэлсэн. 

Ур чадварын дадлагажигчийн асуудлаар техникийн зөвлөгөөн хийлээ

Ур чадвартай ажилтан илгээхтэй холбоотой уулзалтуудын нэг Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэгч OTIT байгууллагад болсон юм. Ур чадвартай дадлагажигчийн асуудлаар Монгол-Япон  хоёр талын техникийн зөвлөлдөх уулзалтаар Японы хөдөлмөрийн стандарт, хөдөлмөр хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтэд адил тэгш хандахтай холбоотойгоор хууль тогтоомжийн хүрэээнд Монгол Улсаас ирж буй дадлагажигчдын эрхийг хамгаалах асуудлыг баталгаажуулах талаар ярилцлаа.

Техникийн зөвлөлдөх уулзалтаас хэлэлцсэн асуудлуудаар протокол гаргахаар тогтсон бөгөөд жирэмслэх, хүүхэд төрүүлэх зэрэг шалтгааны улмаас ажлын байргүй болохоос сэргийлэх, илгээгч, хүлээн авагч байгууллагуудын хооронд хийж буй гэрээнд дадлагажигчийг дээрх шалтгааны улмаас буцаахтай холбоотой заалт оруулахгүй байхыг зааж үүнийг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгохоор тогтлоо