Ж.Ганбаатар 2019.04.23 | Өдрийн сонин

С.Ганбаатар: Бид дайн дажинтай улсаас ч илүү өндөр хүүтэй зээлээр бизнес хийхийг оролдож байгаа

С.Ганбаатар: Бид дайн дажинтай улсаас ч илүү өндөр хүүтэй зээлээр бизнес хийхийг оролдож байгаа

Өдрийн сонин, ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Зээлийн хүүг Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг яагаад тогтоох шаардлагатай гэж үзсэн бэ?

-Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй, жижиг дунд үйлдвэрлэл томрохгүй, импортыг хэт их шүтсэн улс болж, эдийн засаг солонгорохгүй байгаагийн гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой гэдэг. Нийгэм ч тэр чигээрээ яг ингэж үзэж байгаа. Сүүлийн 20-иод жил зах зээлийн хүү зах зээлийнхээ зарчмаар буухыг хүлээж ирсэн. Гэтэл зээлийн хүү буурахгүй байна. Бид дайн дажинтай улсаас ч илүү өндөр хүүтэй зээлээр бизнес хийхийг оролдож байгаа. Энэ байдлаас гарах ёстой. Хүлээгээд нэмэргүй гэдгийг бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд харлаа. Тиймээс төр зохицуулалтаа хийж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох цаг болсон. Миний хувьд энэхүү хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ нь нэг их том хууль биш шүү дээ. Хоёрхон зүйл заалттай.

-Яг ямар тодорхой заалтууд орсон бэ?

-Зээлийн хүүгийн дарамтад байгаа мянга мянган иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг арилгах зорилготой уг хуулийн төсөлд Төв банкны бодлогын хүү дээр 4-8 хувийг нэмж зээлийн хүүг тооцохоор оруулсан. Тухайлбал, өнөөдрийн байдлаар ЖДҮ, ААН-үүдийн бизнесийн зээл жилийн хүү 30-36 хувь байгаа бол хуулийн төсөл батлагдсанаар бизнесийн зээлийн дээд хязгаар нь 18 хувь болох юм. Мөн хуулийн төслөөр ганц банкны зээлийн хүү ч биш мөнгө хүүлэлттэй тэмцэх агуулгаар ломбард болон байр, машин, газар барьцаалсан зээлийн хүүг ч зохицуулахаар тусгасан. Аливаа зүйл зах зээлийнхээ жамаар явах ёстой. Гэтэл төр дундуур нь орж үнэ тогтоож байгаа нь буруу гэж үзсэн. Гэхдээ зах зээлийнхээ жамаар явсан бол зээлийн хүү бусад улсын жишиг рүү ойртох учиртай. БНСУ, Япон, Герман зэрэг улсуудад зээлийн хүү нэг хувь байна. Бид нэг хувьтай зээл авъя гэж хүсээгүй. 30 дахин биш, ядаж 18 дахин байгаач ээ гэж хүсч байгаа юм. Япон, Солонгосоос жилийн нэг хувийн хүүтэй зээл авчихаад түүнийгээ хүүлдэг хүмүүс олон бий. Гэсэн ч бид тэрийг нэг хувийн хүүтэй авъя гэж хэзээ ч хүсээгүй. Гадны хөрөнгө оруулалт, инфляци зэрэг хүчин зүйлүүдтэй уялдаж байгаа учраас энэ боломжгүй гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ өнөөдрийн 20, 30 хувьтай хүүг даваад гардаг бизнес дэлхийд байхгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх.

-Бизнесийн салбарынхыг дэмжихгүй байна гэж та шүүмжилсэн. Таны хувьд бизнесийн салбарт ямар эрүүл бус харилцаа байна гэж харж байгаа вэ?

-Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа асуудлуудтай холбоод яръя л даа. Усны тухай хууль байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдээд явж байгаа. Энэ хуульд эхлээд иргэд усаа ашиглана. Дараа нь хөдөө аж ахуйн салбар болоод уул уурхайн салбар хэрэглэнэ. Эцэст нь жижиг дунд бизнес эрхлэгчид хэрэглэх нь байна л даа.

-Уг хууль дээр уул уурхайн салбарынхны лобби орж байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж буй. Энэ хэр бодитой вэ?

-Яг зөв.Эрэмбэ үүсгэж, ялгаварлаж байгаа л хууль шүү дээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт 800-аад мянган хүн ажиллаж байгаа. Тэгэхээр уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг усаар хангасны дараа энэ салбарынхныг усаар хангах юм байна л даа. Энэ бол үнэхээр шударга бус явдал. Уул уурхайн салбарт технологи сайширсантай холбоотойгоор ажиллах хүний тоо улам багасч байгаа. Мөн энэ салбарт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс хэдэн арван мянга дахин илүү ус ашигладаг.

Гэсэн ч хуультай юм чинь гээд л уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт эхлээд крантаа нээж таарах нь. Таны хэлж байгаа зөв. Лобби явсан. Ижил тэгш байдлыг хангахгүй байгаа. Өнгөн дээрээ “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ, та нар бол бурхан” гээд яриа байгаа боловч үйлдэл дээрээ тэдний төлөө юу ч хийхгүй байна. Энэ асуудал дээр би шинэ Засгийн газрыг шүүмжилж байгаа.

Түүнчлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Ер нь бол хэвлэл, мэдээллийн хэрэгслээр улс төрийн мэдээлэл маш их цацагддаг. Хэрэв бизнес эрхлэгч хийж буй зүйлээ бусдад таниулах гээд сэтгүүлчид дуудвал хичнээн нь ирэх бол. Энэ хэрээрээ бизнесийн мэдээлэл бага цацагдаж таарна. Япон, Герман, Хятадын томоохон хэвлэлүүдээр ихэвчлэн жижиг, дунд бизнесийг сурталчилдаг. Энгийн дугуйг ухаалаг дугуй болгож байгаа хүнийг эсвэл уран зургийнхаа үзэсгэлэнг дэлгэж байгаа шинэхэн зураачийг ч гэдэг юм уу энгийн зүйлүүдийг нийгэмд гаргаж ирэн таниулдаг. Тэр хэрээрээ бусдад хийж бүтээх сэдлийг төрүүлж байдаг. Би хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ярьж байгаа юм биш шүү. Үндэсний телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүд сонгогдож байгаатай холбоотойгоор энэхүү байр суурийг илэрхийлсэн хэрэг. Учир нь тэд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс нийгэмд ижил тэгш мэдээллийг хүргэх нь тэднийг үүрэг. Энэ мэтчилэн бид бизнес эрхлэгчдийг дэмжих боломжтой юм.

-Усны тухай хууль яг энэ чигээрээ батлагдах вий гэсэн болгоомжлол байна л даа...

-Батлагдах юм шиг л байна лээ. Гэхдээ энэ хууль дараа нь их асуудлуудыг дагуулна даа.

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн зарим зүйл дээр та шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байсан. Энэ тухайд?

-Би нотариатчдыг бол дэмжиж байгаа. Энэ хуулийг ч тэр дэмжиж байна. НӨАТ төлөхгүй байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар НӨАТ-ын баримт бичиж өгөх ёстой. НӨАТ-өөс чөлөөллөө ч Засгийн газар иргэн, аж ахуй нэгжийг хохироож болохгүй гэж миний хувьд үзэж байгаа. Аливаа бичиг баримтаа нотариатаар батлуулсан ч НӨАТ-ын баримт авахаа болино гэсэн үг. Аж ахуйн нэгж 10 хувийн татвар төлөхийн сацуу нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө тэр байгууллагын НӨАТ-ыг төлнө. Бүх газраас татвар авдаг хэрнээ яагаад зарим газрыг ингэж дэмждэг юм. Ижил тэгш бус, төр мундаг гэдэг байр сууринаас л асуудалд хандаж байна. Төр дээр нь байгаа учраас үүнийг чөлөөлнө, дор байгаа хүмүүс нь төл гээд л байна. Энэ зүйлийг олон сонгогдсон гишүүдэд яриад ойлгохгүй, ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа учраас яаж ч хэлээд явахгүй байна л даа. Эмоцилоод, эвээр хэлээд ч ойлгохгүй байна. Би илүү байдал үүсгэх тухай энд огт яриагүй. Зүгээр л ижил тэгж байх тухай ярьж байгаа юм. Төр нотариатын байгууллагыг НӨАТ-аас чөлөөлж байгаа юм бол суутгасан татвараа аж ахуйн нэгжүүдэд нөхөн олгох ёстой. Сангийн яам энэ ажлыг хийх хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийг огцрох албан бичгийг өргөн барилаа. Таны хувьд огцруулах нь хэр зөв шийдвэр гэж харж байгаа вэ?

-Монголбанк бүх талаасаа муу ажиллаагүй гэдгийг эхэнд нь дурдъя. Өр зээл багассан, эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдсэн. Хамгийн гол шүүмжлэх зүйл нь ам.долларын ханшийг буулгаж чадахгүй өсгөж байгаа явдал. Ам.долларын ханш бидний амьдралд 100 хувь нөлөөтэй. Надад байгаа мэдээллээр ам.долларын ханш 2015 онд 1970, 2016 онд 2147, 2017 онд 2440, 2018 онд 2472, энэ онд 2630 төгрөгт тус тус хүрчээ. Байнгын өсөлттэй явж ирсэн нь эндээс харагдаж байгаа байх. Гэхдээ огцруулна гэдэг нь эцсийн шийдвэр мөн эсэхийг мэдэхгүй юм. Тэртэй тэргүй ганцхан жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд сайн шахаад ажиллуулах нь зөв гэсэн байр суурьтай байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэж амжих болов уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 65 суудал авсан үедээ хийх нь зөв гэдэг дээр санал нэгтэй байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж эргэн татдаг, чуулганд суулгадаг болгохыг хуульд тусгая гэж байгаа нь зөв. Гүйцэтгэх засаглалын УИХ-д хэт барьцаалагдсан байдлыг нь өөрчилж, эрх мэдлийг нь нэмэгдүүлье гэж байгаа ч дэмжиж байгаа. Парламентын засаглалтай бусад улсуудад байдаг зөв тогтолцоог бид орхигдуулчихсан байж. Түүнийгээ нөхөх гэж байгааг нь зөв юм. Мөн 20 мянган иргэнтэй сум, 200 мянган иргэнтэй дүүрэг хоёрын статус адилхан байгаа. Энэ зүйлүүдийг ч засах хэрэгтэй гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдийн насны доод хэмжээг ч зааж өгөх нь зөв гэж бодож байна. Цэцийн гишүүд болоод шүүгч нарын томилгооны тогтолцоог ч ялгаагүй эргэн харж ярилцах хэрэгтэй байх.

-Та Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт байгаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх үү?

-Том дарга нар пропорцианаль тогтолцоо нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Миний хувьд өнөөгийн байгаа мажоритор системээр явах нь зөв гэж үзэж байгаа. Энэ байр сууриа хамгаална. Харин сурталчилгааны самбарын хэмжээг нь багасгаж, тодорхой заасан цэгт байршуулах, сэтгүүлийн хуудасны тоог багасгах зэргийг нь дэмжиж байгаа юм. Эдгээр нь мөн л гадны жишгийг тусгаж байгаа хэрэг юм.