Б.Баттөмөр 2019.04.23 | Vip76.mn

"Актив удирдлагын тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монгол банктай хамтран санаачилж,  боловсруулсан "Актив удирдлагын тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны "Их Эзэн Чингис Хаан" танхимд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт “Чанаргүй зээл, нийгэм эдийн засагт үзүүлэх хор хөнөөл”, “Зээлийн өр төлбөрийн маргаан: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө”, “Харилцагч болон банк хоорондын харилцаан дахь хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам”, “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь зээлийн төлбөр барагдуулалт”, “Чанаргүй зээлийн түвшин буурснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө”, “Актив удирдлагын компанийн БНСУ-ын болон бусад орны туршлага” Актив удирдлагын тухай хуулийн төслийн танилцуулга гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ. 

Сүүлийн жилүүдэд чанаргүй зээлийн хэмжээ манай орны санхүүгийн байдал, макро эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөхүйц өсөлттэй байгааг анхаарч, санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тус асуудлыг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Гэвч уг асуудалд дан ганц эдгээр байгууллага төдийгүй хууль тогтоох, хэрэгжүүлэх байгууллага, олон нийт анхаарлаа хандуулах нь зүйтэй байна. 

Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг бүрдүүлж байгаа банкны зах зээлийг жишээ болгон авч үзвэл 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар уг салбарын чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4%-ийг, хугацаа хэтэрсэн зээл 4.9%-ийг тус тус эзэлж байгаа бөгөөд чанаргүй зээл өмнөх оны мөн үеээс 2% орчим хувиар нэмэгдсэн. 

Иймд чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэх нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгох, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялаг бүтээх, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх зэргээр санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдол бүхий Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.