Д.Тэрбишдагва 2019.04.23 | Vip76.mn

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ.

Дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

Төслийн 19.1 дэх хэсгийн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсон хэсгийг өөрчлөн найруулж, төсөлд 19.2.4 дэх заалт шинээр нэмэх 22 дугаар саналын томьёоллын “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагыг томилох” гэснийг  “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох”  гэж өөрчилжээ. 

Хуулийн төсөлд Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл гэсэн 23 дугаар зүйл шинээр нэмэх томьёолол олонхийн дэмжлэг аваагүйтэй холбогдуулан төслийн 22 дугаар зүйлд хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд зөвхөн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хэмжих хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт шинээр нэмэх томьёолол бэлтгэсэн байна. Энэ заалттай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд зарчмын болон найруулгаар ялган томьёолсон санал тус бүрээр санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.