“Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн талаар санал солилцов
2019.04.23

“Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн талаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өнөөдөр (2019.04.23) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах “Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Уг хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд зэрэг нийт 800 гаруй төлөөлөгч оролцож, Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, бэлчээр ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Мөн орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтран зохион байгуулалт хийж, гэрээ байгуулан бэлчээрийг зүй зохистойгоор ашиглаж байгаа сайн жишиг, туршлагуудыг ярилцах юм байна.

Бэлчээрийн тухай хуулийн төслийг ирэх сарын 01-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, “Орон нутгийн иргэдэд бэлчээр ашигласны төлбөр гэж өндөр хураамж аваад, бэлчээрийг хашиж хашаалаад мал бэлчих газаргүй болгочих вий гэсэн хоёр болгоомжлол байна. Бэлчээрийн тухай хуулиар орон нутгийн өөрсдийн санал санаачилгыг дэмжих, сайн туршлагыг нэвтрүүлэх, орон нутагт эрх мэдлийг нь төвлөрүүлэх зорилготой. Үүнийг иргэдэд зөвөөр таниулах, тулгамдсан асуудлаа хамтаар хэлэлцэх, олон улсын болон орон нутгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд энэхүү үндэсний хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой” гэв.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Э.Түвшинжаргал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Мал аж ахуйн мэргэжилтэн Мартин Хаилман болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.