Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ
2019.04.23

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/  хуралдаанаар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ.

Тус төслийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Тэрбээр "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон билээ.

Энэхүү гэрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, шинжлэх ухаан, техник, нийгэм соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд тус  гэрээг байгуулснаар хоёр улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны  эрхзүйн үндэс бий болно гэж үзэж байна. Хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосонд 27 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа” гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ:

-Бүгд Найрамдах Беларусь улстай зээлийн гэрээний асуудлаар зөвшилцөх асуудал байнгын хороогоор дэмжигдсэн. Уг асуудал өнөөдөр ямар шатандаа яваа вэ, гарын үсэг нь зурагдсан уу?

Ингээд уг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжив.