Б.Баттөмөр 2019.04.24 | Vip76.mn

Дарханы замыг бүтнээр нь хаахгүй

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр 2018 онд Засгийн газраас гарсан. Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэрлэсэн юм.

2019 оны 4 дүгээр сарын 10-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төсөлд зориулагдана. 

Эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэнэ. Түүнчлэн газар чөлөөлөх ажилд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар санхүүжилт шийдэж 6.5 тэрбум төгрөгийг баталж өгсөн.

Үүний дагуу 64 объектыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа ба үүнд орж буй холбооны, цахилгааны шугам гэх мэт шугамуудыг зөөх ажил удахгүй эхлэнэ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэх юм. Ингэснээр Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байгаа.

Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа.

Энэ Баасан гарагт ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж зам дагуух трасст орсон барилга байгууламжийг чөлөөлөх асуудлаар сумын удирдлагуудтай уулзалт хийнэ.

Үндсэн замын ажил түр зам гаргаж дууссаны дараа эхэлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй. Хэсэгчилж хааж замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 2-5 километрээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 2 километр үндсэн замыг хаасан үед түр замаар зорчоод эргээд үндсэн зам руугаа орж явахаар төлөвлөжээ.