Чинзориг.С 2019.04.25 | Vip76.mn

Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ

Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг танилцууллаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогдсон. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, гаалийн мэдүүлгийн дүнгээр 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалан нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа гэв. 

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Засгийн газрын 2018 он 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай 232 дугаар тогтоолыг баталсан бөгөөд Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай 13 км төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаас Гашуунсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн асуудал шийдэгтэл төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх сонирхолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн аж. Иймд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар төсөл боловсруулсан гэлээ.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ.