Нямдорж.Ц 2019.04.26 | Vip76.mn

Захиргааны ерөнхий хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Захиргааны ерөнхий хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжиж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж,гишүүдийн 63,2 хувь дэмжиж  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах эрхтэй байхаар заажээ Гэвч энэ нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө болон УИХ хүчингүй болгоно” хэмээн заасантай зөрчилдөж буй юм. Үндсэн хуулийн цэцээс 2005 онд “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газрын эрх хэмжээнд халдсан”гэсэн дүгнэлт гаргасан.

Тиймээс Захиргааны ерөнхий хуулиар Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхгүй байхаар төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсаны дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 63,2 хувь дэмжиж  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч эдгээр асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тав хоногийн завсарлага авлаа.