А.Ундраа 2019.04.26 | News.mn

НҮБ-ын “Heforshe” хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөнө

НҮБ-ын “Heforshe” хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөнө

Нэгдсэн Үндэсний Байгууллагын санаачилгаар хүйсийн тэгш байдал, аливаа хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлалд уриалсан “He for she” буюу “Тэр эмэгтэйн төлөө” олон улсын хөдөлгөөнд дэлхийн 50 гаруй улс нэгдэн ороод байгаа бөгөөд хүйсийн тэгш эрхийн төлөөх нөлөө бүхий хөдөлгөөн болон хүрээгээ тэлж байна.

Тус хөдөлгөөн нь нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх зорилготой бөгөөд нийгэмд хүйсийн тэгш эрхийг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эрэгтэйчүүдийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх, уриалах, дуу хоолойгоо өргөх, үйлдлээрээ харуулахыг дэмжих явдал юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа Нэгдсэн Үндэсний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, салбар байгууллагуудтай хамтран энэ хөдөлгөөнийг Монгол улсад санаачлан өрнүүлэхээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хотноо Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан билээ.

Хүний эрхийг дээдлэх, хүйсийн тэгш байдлыг хангах, аливаа хүчирхийллийн эсрэг олон нийтийн боловсрол, хандлагыг дээшлүүлэх зорилгоор энэ аяныг орон нутагт төрийн байгууллагууд, их дээд сургууль, хувийн хэвшлийн оролцоотойгоор өрнүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 10:00-12:00 цагт Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохиогдох юм.

Тус арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд урилгаар Монгол улс дахь “He for she” хөдөлгөөнийг санаачлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа болон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Улсын начин Ш.Дарханбат, Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувд  нар хүрэлцэн ирж илтгэл тавьж хэлэлцүүлэх ба санал бодлоо нээлттэй илэрхийлэн ярилцлага өрнүүлэх юм.

Өмнөговь аймгийн иргэд, залуучуудыг тус арга хэмжээг дэмжин оролцож нийгэмдээ эерэг манлайллыг үзүүлэхийг уриалж байна.

Суудлын тоо хязгаартай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88098251 утсаар болон www.facebook.com-heforshemongoliawww.youtube.com-heforshemongolia, www.heforhse.org холбоосоор авах боломжтой.

Мөн Энэ хөдөлгөөнийг дэмжиж буй хэн бүхэн heforshe.org/mn/commit  хаягаар нэвтрэн эх орноо төлөөлөн нэгдэж буйгаа илэрхийлэн бүртгүүлэхийг уриалж байна.