Ганхуяг.Б 2019.04.29 | Зууны мэдээ сонин

Оюутнуудад ухаалаг лекцийн тэнхим тохижуулж өглөө

Оюутнуудад ухаалаг лекцийн тэнхим тохижуулж өглөө
“Дэлхийн жишиг уул уурхай- Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюунаа уралдуулсан шилдгүүд тодорлоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн сургалтын танхимыг ухаалаг лекцийн тэнхим болгон тохижуулжээ. Үүнийг өнгөрсөн баасан гаригт сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, компанийн төлөөлөл, сургуулийн эрдэмтэн багш нар тэнхимийн нээлтийн ажиллагаанд оролцов. Монголын уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж буй ШУТИС-тай “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд энэ хүрээнд эхний ээлжинд сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглосон ухаалаг лекцийн тэнхим тохижуулах ажлыг гүйцэтгэсэн нь энэ юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

“ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулж энэхүү тэнхимийг тохижуулж өгсөндөө хамт олон маань баяртай байна. Манай компанийн инженер техникийн ажилтнуудын 75 хувь нь ШУТИС-ийн төгсөгч байдаг. 2019 он компанийн хувьд бүтээн байгуулалтын буюу томоохон төслүүдийг эхлүүлэх жил болж байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тэр дундаа конвейрын систем нэвтрүүлэх чиглэлд эрдэмтэн багш та бүхний зөвлөгөө чухал юм. Мөн оюутнуудыг дадлагажуулах, багш нарыг мэргэшүүлэх болон багш солилцооны чиглэлд хамтран ажиллаж, монголын уул уурхайн салбарын шилдэг боловсон хүчин бэлтгэх үйлст дэмжлэг болон ажиллана” гэв.

Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв “Оюутнуудын сурах орчин тэдэнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сайхан орчинд сайн суралцдаг. Манай сургуулийн хамт олон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллах бөгөөд танай хамт олонд багш, оюутнуудад томоохон бэлэг барьсанд талархсанаа илэрхийлье” гэлээ.

Шинжилгээ, судалгааны бүтээлийн шилдгүүдийг тодруулав

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас анх удаа уламжлал болгон “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ.

Шилдгүүдийг энэ сарын 26-ны өдөр тодрууллаа. II шатанд тэнцсэн 25 бүтээлийн 40 гаруй оюутны судалгааны ажлыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурлыг дээрх өдөр зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг долоон  бүтээлийг тодруулав.

Уралдааны тэргүүн байрыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр ба ирээдүй сэдвээр СЭЗИС-Экономиксийн болон НББ тэнхимийн Э.Анхбаяр Б.Уянга Г.Баттогтох Г.Булганхүү. Дэд байрыг “Эрдэнэс-Тавантолгойн авто тээвэртэй технологт шинэчлэлт хийх судалгаа” сэдвээр ШУТИС-“Геологи уул уурхайн сургууль” Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Ж.Очир, А.Амарзаяа Б.Элбэгсайхан нар эзэллээ.

Харин гуравдугаар байрыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр ба дараагийн алхам сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 222 дугаар дамжааны суралцагч Ө.Сүрэнцэцэг М.Үүрийнтуяа, мөн “Эрдэнэс-Тавантолгой ХК олон улсад IPO гаргахын ач холбогдол сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Б.Бадамцэцэг Ү.Чулуунбаатар, тусгай байрыг Цахилгаан-гидравлик, дизель-гидравлик экскаваторуудын зардлын харьцуулсан судалгаа сэдвээр ШУТИС-ДарханТехнологийн сургуулийн уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Б.Балжинням, “Резинийг металлаас салгаж авах RPR технологийг “Эрдэнэт үйлдвэр”-т нэвтрүүлэх боломжийн судалгаа” сэдвээр Технологийн сургууль, Механикийн тэнхимийн оюутан О.Ганбат нар тус тус эзэлж, компанийн нэрэмжит шагналыг хүртэж, цаашдын эрдмийн ажилдаа урам авснаа илэрхийллээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулсан уг арга хэмжээг улсын хэмжээний томоохон ажил болохыг эрдэмтэн багш нар онцолж, дэмжин ажилласан компанийн хамт олонд талархлаа илэрхийлэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Шалгарсан оюутнуудын судалгааны бүтээлийг зөвхөн шалгаруулаад орхих биш бодит ажил болгох чиглэлд илүү анхаарч, уурхай дээр дадлагажуулах, практикт судалгааны ажлыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана” гээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээг компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох, оюутнуудыг тэтгэлэгт хамруулахад ач холбогдолтой юм.

Мөн өдөр ШУТИС-ийн салбар сургуулиудын оюутнууд өөрсдийн зохиосон эрдэм шинжилгээний загвар бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, 50 бүтээлийг өрсөлдүүлсэн бөгөөд шилдгээр шалгарсан Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн программ хангамжийн IV курсийн оюутан Х.Тэмүүлэнг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас дэмжин урамшууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.29 № 88 (6055)