С.Чинзориг 2019.04.29 | Өглөөний сонин

С.Чинзориг: Гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулна

С.Чинзориг: Гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос гадаадаас ажиллах хүч илгээх асуудлаар тодруулга авлаа.


-Япон Улсад дадлагажигч ажилтан илгээх асуудалд өөрчлөлт орсон юм байна. Өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Япон Улс гадаадаас ажиллах хүч авах хууль журамдаа өөрчлөлт оруулсан. Миний бие Япон Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Япон Улсын Үйлдвэр худалдааны сайдтай уулзаж энэ хуулийн дагуу Монголоос Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичигт гарын үсэг зурсан. Одоогийн байдлаар дадлагажигч илгээх байгууллагуудын дэмжлэгтэйгээр Япон Улсад 1150 орчим залуучууд дадлагажигчаар ажиллаж байна. Ажиллах хүч хөдөлмөрийн гэрээгээр гаргах асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар хариуцаж зохион байгуулах юм.

-Японд хэчнээн дадлагажигч ажилтан илгээхээр тохиролцсон бэ?

-Ер нь квот тогтоохгүй. Японоос нийтдээ 14 салбарт ажиллах хүч авахаар зарласан. Энэ оны тухайд барилга, усан тээвэр, асаргааны чиглэлээр ажиллах хүч авах ссонирхолтой байгаа.

-Хүссэн хүн болгон дадлагажигч ажилтан болох боломжтой юу?

-Насны дээд хязгаарыг заагаагүй. 18-аас дээш насны иргэд бүртгүүлээд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Гэхдээ Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт бүртгэгдсэн залуучууд болгон Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр явна гэж ойлгож болохгүй. Тодорхой хэмжээний шалгуур буюу бүртгэгдсэн залуучуудаас хэлний түвшин, эрүүл мэндийн шаардлага хангасан залуучуудаас өөрт хэрэгтэй байгаа ур чадвар, мэргэжлээс нь хамаарч ажиллах хүчээ Японоос сонгодог.

-Дадлагажигч ажилчид жинхлэх боломжтой юу?

-Японы талтай тохиролцсон нэг чухал асуудал бол Япон Улсад дадлагажигчаар ажиллаж байгаа залуучууд өөрсдөө хүсэх юм бол гэрээний гурван жилийнхээ хугацааг дууссаны дараа хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нь нээж өгсөн. Тийм учраас дадлагажигчаар ажиллах залуучууд гэрээний хугацаа дуусаад заавал Монголдоо ирэхгүйгээр Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах нөхцөл боломж бүрдсэн.

-Дадлагажигч ажилтан илгээж байгаа хэчнээн байгууллага байгаа вэ?

-Японы дадлагажигч хүлээж авагч байгууллагуудтай гэрээ байгуулсан байгууллагууд дадлагажигч илгээх зөвшөөрөл авдаг. Манайхаас 67 байгууллага дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл аваад байна. Нийтдээ 1454 залуу дадлагажигчаар ажиллаж байгаа. Мөн иргэдийг хохироохгүй байх, зарим нэг нь зөвшөөрөл авсан атлаа үйл ажиллагаа нь жигдрээгүй, дадлагажигч илгээгээгүй зэрэг дутагдалтай аж ахуйн нэгжүүд байгаа учир цаашдаа дадлагажигч илгээж байгаа байгууллагуудыг цөөлөх шаардлагатай.

-Гадаадад ажиллаж байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэвэр авах боломж бүрдэж эхэлсэн. Японд дадлагажигч ажилчидад ийм боломж байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа нийгмийн асуудалд сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, Солонгос Улстай гэрээ байгуулан ажиллаж байна. Польш, Унгар, Турк улсуудтай нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгууллаа. Манай залуучууд ажиллаж, амьдарч байгаа орондоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэврийг тухайн орноосоо авах боломж бүрдэж байгаа. Мөн Япон Улсад ажиллах хүч гаргах болсоной холбоотойгоор бид Японы Засгийн газарт хүсэлт тавьсан. Энэ хүрээнд Япон Улсын Хөдөлмөр, эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдтай уулзахдаа дадлагажигч болон ажиллах хүч гэсэн хоёр статусаар монгол залуучууд Япон Улсад ажиллаж амьдрах боломжтой. Цаашдаа Япон Улсад ажиллаж, амьдрах монголчуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас Япон Улсын Засгийн газартай нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Японы Засгийн газар бидний саналыг нухацтай судална гэдгээ илэрхийлсэн.

-Монголчуудын зүгээс Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхол ихтэй байдаг. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?

-Жил тутамд Солонгос Улсад ажиллах сонирхолтой залуучуудыг бүртгэдэг. Энэ оны бүртгэлийг гуравдугаар сарын эхээр хийгээд дууссан. 8000 орчим залуучууд бүртгэгдсэн. Эдгээр залуучууд солонгос хэлний шалгалтад ороод байгаа. Ингээд хөдөлмөрийн бирж дээр байршаад ажил олгогч нь өөрт хэрэгтэй байгаа мэргэжилтэй ажилтанг сонгож авдаг тогтолцоотой. 2018 онд 1200 орчим залуучууд Солонгост ажиллах хүч илгээх хөтөлбөрийн дагуу явсан. Нийтдээ 8000 орчим залуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа.

-Монгол Улс энэ онд гадаадаас хэчнээн ажиллах хүч авах вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулах зорилт бий. Би 2018 онд онд тушаал гаргаж гадаадаас авах ажиллах хүчийг өмнөх оныхоос 30 хувиар, 2019 онд өмнөх оныхоос 20 хувиар тус тус бууруулах ажил зохион байгуулсан. Ингэж байж ажилгүй байгаа залуучуудаа хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажлын байранд зуучилж ажилтай болгох боломжтой. Өнгөрсөн онд гадаадаас ажиллах хүч авах асуудлыг 30 хувь бууруулах ажлын хэрэгжилтийг бид шалгасан юм. 2017 оны түвшинтэй харьцуулахад 22 хувиар, 2016 оны түвшинтэй харьцуулахад 40 хувиар буурсан үр дүн гарсан. Ажил бодитой хэрэгжиж байгаа тул 2019 онд 20 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Ингэснээр гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулах зорилт бүрэн хэрэгжинэ.

Ер нь бид дотооддоо бэлтгэж байгаа мэргэжил, ур чадвартай залуучуудын ажлын байран дээр гадаадаас ажиллах хүч авахгүй байх бодлого баримталж байгаа. Тухайлбал манай залуучууд техник сэтгэлгээ сайтайд тооцогддог. Тиймээс автомашин засвар дээр 2019 онд гадаадаас ажиллах хүч авахгүй гэсэн зорилт тавин ажиллаж байна.

-Энэ бүхний үр дүнд гадаадаас авах ажиллах хүчний тоо хэд болох вэ?

-Өнгөрөгч онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 22 хувь  буураад 9000 орчим мянган хүн болсон. Тиймээс энэ жил 7000 орчим мянган хүн болно.