Коосэнд бэлдсэн инженерүүд хөгжлийн хурдыг түргэсгэдэг
2019.04.30

Коосэнд бэлдсэн инженерүүд хөгжлийн хурдыг түргэсгэдэг

Япон улсын өндөр хөгжлийн нууц нь инженерүүдийг богино хугацаанд бэлдэж, чанартай үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын суурь тавьж өгсөнтэй холбоотой.

Тухайлбал, 1950-иад оны үед японы бараа чанаргүй гэж дэлхийд гологддог байв. Тэр дундаа Европын орнууд, АНУ-д япон бараанаас татгалздаг, хямдхан үйлдвэрлэл гэж үл ойшоодог үе байлаа. Үйлдвэрлэлийг технологийн дэвшил ашиглаж чанартай, хурдтай явуулах бодлого Засгийн газар нь барьж эхлэв. Ингээд япон улсад шинжлэх ухааны мэдлэгтэй, ур чадвартай инженерийн ажиллах хүчний эрэлт ихсэж, тэдний нуруун дээр эдийн засгаа өсгөх бодлого хэрэгжүүллээ. Зах зээлийн энэ эрэлтийг хангахын тулд анхны коосэн 1961 онд байгуулагджээ.

“Коото сэнмон гакко” буюу “ахлах мэргэжлийн сургууль” гэх япон үгнээс гаралтай коосэн сургалтад өдгөө дэлхийн 50-60 улсаас оюутан суралцаж, бүх салбарт дадлагажсан инженерүүдийг бэлтгэж байна.

Коосэнд 15 настайгаас нь элсүүлж таван жилийн турш сургаад, үргэлжлүүлэн хоёр жил мэргэшүүлэх ангид суралцан бакалаврын зэрэг авах боломжтой. Их дээд сургуулиас ялгаатай нь дадлагын цаг маш их, сургалтын хөтөлбөр нь мэргэшүүлэхэд чиглэгдсэн. Тиймээс ч мэргэжлийн хичээлийн цаг хоёр дахин их, дадлага туршилтын цаг тав дахин их.

Монголоос анх 1990 онд коосэнд суралцсан. Харин өнөөдрийн байдлаар Коосэний оюутан, түүнчлэн Коосэнг дүүргээд их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын шат хүртэл суралцаж буй зуу гаруй монгол оюутан бий. Төгсөгчдөөс 50 орчим нь монголдоо ажиллаж буй бол 200 гаруй нь гаднын улсуудад ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий.


МОНГОЛ ХҮҮХДҮҮД ЯПОНД СТАРТ-АП, ЭНТРЕПРЕНЕРИЙН УРАЛДААНД ГРАНПРИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Монголд гурван Коосэн үйл ажиллагаагаа явуулдаг. ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж нь БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “1000 инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага.

Есдүгээр анги төгсөгчдөөс элсэлт авч, таван жилийн хугацаанд суралцуулан төгсгөдөг. Жилийн төлбөр нь гурван сая төгрөг. 2019-2020 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Коосэнд цахилгаан электроникийн, зам барилгын, механикийн инженер гэсэн гурван төрлөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд японд суралцсан анхны төгсөгчид энэ хавар эх орондоо ажиллахаар иржээ. Тэднийг мобиком, говь, MSC зэрэг томоохон компаниуд ажилд урьсан юм.

Хувийн хэвшлийн хоёр Коосэний нэг нь шинэ монгол техник инженерийн коллеж юм. Шинэ монгол сургуулийн удирдлагууд дэлхийн номер нэг MIT буюу массачусетсийн технологийн их сургуулийг загвараа болгож, японы коосэн загварын технологийн коллежоо байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургууль нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилд дээрх гурван салбараас гадна хими техникийн, дэд бүтэц техникийн инженерийн ангиудад элсэлт авах аж.

ЕБС-ийн ес болон аравдугаар анги төгсөгчдөөс элсүүлдэг

Мөн ЕБС-ийн ес болон аравдугаар анги төгсөгчдөөс элсүүлдэг уян хатан бодлоготой. Тус сургуулиас японы Нагаока коосэн технологийн коллеж руу шилжин суралцсан хоёр оюутан энэ сарын 24-нд японы коосэнуудын дунд зохион байгуулагдсан старт-ап, энтрепренерийн уралдаанд хиймэл оюунд суурилсан бүтээлээрээ шалгарч гранпри шагнал, нэг сая иенээр шагнуулсан амжилт үзүүлсэн. Уг тэмцээнийг дэлхийд алдартай венчер капиталууд буюу жинхэнэ хөрөнгө оруулагчид шүүж, тэдний гарааны компанийг дөрвөн сая ам.доллараар үнэлж, 400 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж дүгнэжээ.

Япон улсын инженерийн боловсролыг монголдоо эзэмших боломжийг олгодог сургууль бол БГД-т байрлалтай монгол Коосэн технологийн сургууль юм. Био, цахилгаан, механик, барилгын инженерийн ангиудад есдүгээр анги төгсөгчдөөс элсэлт авдаг. Тус сургуулийн оюутнуудын баг жилийн жилд Robocon тэмцээнд амжилттай орж ирсэн. Мөн японд оюутан солилцоогоор суралцагчдаасаа шалгаруулж явуулдаг аж. Түүнчлэн японоос Сасэбо болон Нагаока коосэний багш нар монгол Коосэн технологийн коллежид сургалт зохион байгуулдаг байна.

Д.Бандиням: Ямар нэгэн санхүүгийн дарамтгүй, сурахад бүхнээ зориулдаг

1000 инженер хөтөлбөрийн коосэнд суралцаж ирсэн анхны төгсөгчдийн нэг Д.Бандинямтай ярилцлаа. Тэрбээр Монголдоо ажиллахаар шийджээ.

-Коосэнд хэрхэн суралцсан тухайгаа хуваалцахгүй юу?

-Би 34-р сургуулийг төгссөн. ШУТИС-д 1.5 жилийн хугацаанд япон хэл, физик, математикийн хичээлээр бэлдэж, японы сургуульд элсэгчдэд зориулсан EJU шалгалтаа амжилттай өгөөд суралцахаар явсан. Дэлхий даяар associate degree гэж нэрлэдэг, цааш үргэлжлүүлэн суралцах бол аль ч улсын их сургуульд гуравдугаар курсээс шууд орохоор зөвшөөрсөн хөтөлбөр л дөө. Зарим улсад үүнийг бакалаврын зэрэгтэй тэнцүү хэмжээнд авч үздэг.

-Япончууд хэр олон сурч байна. Томоохон үйлдвэрүүдэд ажилласан уу?

-Японы төгсөгчдийн нэг хувьд ч хүрэхгүй хүүхэд коосэнд суралцдаг. Олон сая хүнтэй ч инженерүүдийн тоо цөөн. Шаардлагатай ажлын байрандаа зориулж инженерээ бэлтгэдэг улс. Манай ангийнхны хувьд дэлхийд алдартай Sony, Panasonic зэрэг электроникийн үйлдвэрлэлд дадлага хийдэг байсан.

-Суралцах явцад гардаг хүндрэл юу байв?

-Эндээ хими, физик, математикийн хичээлээр сайн суурь тавьж өгсөн учраас онолын хувьд бэрхшээл тулгардаггүй. Харин яг дадлагад гарахад технологийн дэвшлийн талын мэдээлэл дутуу, хүндрэл хааяа гардаг байсан. Гэхдээ багш нар заагаад өгчихдөг учраас нэг их бэрхшээл болдоггүй.

-Сургалтын тэтгэлэг, амьдрах өртөгийн хувьд ямар вэ?

-Японд 55 коосэн байдаг. Эндээс 24-үүлээ явсан боловч очоод нэг сургуульд нэг л хүүхэд хуваарилагдсан. Япон улс жил бүр азийн орнуудаас 40-50 хүүхэд шалгаруулж, 100 хувийн тэтгэлгээр, амьдрах бүх зардлыг нь дааж коосэнд сургадаг. Үүний хүрээнд монголоос шалгарсан сурагчдын нэг нь л би. Ямар нэгэн санхүүгийн дарамтгүй, “сураад ир” л гэсэн нөхцөл. Бид 7-16 цаг хүртэл хичээллэдэг. Орой болон амралтын өдрүүдээр робокон, компьютерийн программ хангамж, эсвэл спортын төрлөөр хүссэн дугуйландаа явж болдог. Миний хувьд international friends олон орны оюутнуудын клубийн гишүүн тул тэнд чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан.

-Японы сургалтын онцлог юу вэ?

-Манай сургуулийн захирал оюутнаар өөрөөр нь юм хийлгэж, оролдлоготой байлгахыг гол болгодог. Ер нь сүүлийн үеийн боловсролын чиг хандлага ийм болсон шүү дээ. Багш нар маань ерөнхий суурийг өгнө, түүн дээр өөрсдийгөө хөгжүүлж, илүүг судлах нь оюутнуудын үүрэг. Би цахилгаан мэдээллийн технологийн ангийг төгссөн. Цаашдаа барилга, эрчим хүч ч юм уу бусад салбарт мэргэшиж ажиллах боломжтой суурь мэдлэгийг олгодог. Долоо хоног бүр туршилт хийдэг. Онолыг тухай бүрт нь дадлагаар баталгаажуулах нь Коосэн сургалтын онцлог.

-Төгсөөд тэндээ ажиллах боломж хэр вэ?

-Бидний хувьд төгсөөд эх орондоо ажиллаад үзье гэсэн бодолтой ирцгээсэн. Ер нь зуу гаруй оюутан одоо японд сурч байгаа. Төгсөөд японд үлдэж ажиллах бүрэн боломжтой. Мөн инженерийн чиглэлээр үргэлжлүүлэн сурах эрх нь ч нээлттэй. Гэхдээ эцсийн бүлэгт монголдоо доод тал нь таван жил ажилласан байх шаардлага тавьдаг.

А.Содномцэрэн: Онол, аргачлал, дадлага гурав нийлж инженер болдог

Коосэнд суралцаж төгсөөд, эх орондоо ажиллаж байгаа инженерийн төлөөлөлтэй уулзуулъя. А.Содномцэрэн Японд эзэмшсэн боловсролоо улсын хөгжилд зориулахаар төрийн өмчит компанид ажиллаж байна.

-Коосэнг сонгосон шалтгаанаа хуваалцахгүй юу?

-Би “Шинэ Монгол” сургуулийг төгссөн. Надад АНУ-д, эсвэл японд суралцах хоёр боломж байсан юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад дэлхийд гайхагддаг япон чанарыг хэрхэн бүтээдэг нь илүү сонин санагдаад коосэнг сонгосон.

-Ямар салбарыг сонгосон бэ. ирэхэд ажлын байр бэлэн байсан уу?

-Би хэлний бэлтгэлээ японд хийж, Акаши коосэнд гурван жил суралцсан. Авто зам, гүүрийн инженерээр төгссөн. Ирээд ажлын байр олон байсан л даа. Авто зам, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг газруудыг судлаад японд илүү ойр болохоор нь “Бридж” группийг сонгож байлаа. Дараа нь төрийн өмчит компанид ажилласан. Улсын байгууллага болон хувийн хэвшлийн ялгааг үзэхээр энд орсон юм.

-Японд болон Монголд төгссөн инженерүүд ялгаатай байна уу?

-Тэнгэр газар шиг ялгаатай. Жишээ нь, нэг зам барихдаа стандартын дагуу хийх ёстой гэхэд “Чиний япон чинь тэндээ л биз, монголд бол өөр” гэж үгүйсгэдэг. Ганцаараа хариуцах ажил гарвал л сурсан мэдсэнээ шингээж болдог болохоос багийн ажилд миний санал үргэлж унадаг л даа. Миний мөрөөдөл бол Монгол Улсын зөвлөх инженер болох. Энэ зэрэгт хүрэхийн тулд дор хаяж 30 жил ажилладаг. Би коосэнд суралцахдаа шантарч буцаж үзээгүй, ажил дээр ч энэ чанараараа амжилтад хүрнэ гэдэгтээ итгэдэг. Үүний тулд австрали зэрэг өндөр хөгжилтэй оронд үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байна.

-Олон орны оюутнуудын хандлага янз бүр байх. Чиний хувьд ямар онцлогтой байв?

-Миний хувьд сургуульдаа, тэр хотдоо ганц монгол хүн байсан. Олон улсын, янз бүрийн соёлтой оюутнууд дунд дутах юмгүй, илүүрхэж гайхуулалгүй суралцаад төгссөн. Коосэн сургалтын онцлог бол эхэлж онолоо үзнэ, дараа нь аргачлалаа заалгана. Эцэст нь дадлагад гарч туршлага сууна. Энэ гурав нийлж цогц мэдлэг, чадвар олгодог. Манайд бол онол үргэлжлээд л явдаг, дадлага маш хангалтгүй.

Сэтүүлч Э.Батцэцэг