Б.Баттөмөр Ч.Хүрэлбаатар 2019.04.30 | Vip76.mn

Татвар төлөгч, хураан авагчтай холбогдох эрх зүйн орчин шинэчлэгдлээ

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан.

Татварын багц хуулиудыг шинэчлэх болсон шалтгаан нь:
  • Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх журмыг хуульчлах,
  • Одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох,
  • Бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх,
  • Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх,
  • Сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах,
  • Татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зэрэг зорилготой байсан.

Засгийн газраас боловсруулан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн УИХ-ын ээлжиь бус чуулганаар хэлэлцэн баталсан юм.  

“ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ”

-ийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга болон гишүүдийн зүгээс гаргасан санал, чиглэлийг хуулийн төсөлд тусгасжээ.

  1. Төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах
  2. Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эерэгээс эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах
  3. Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томьёолох
  4. Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох
  5. Татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэх
  6. Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байх гэж хуулийн төсөлд оруулан баталсан юм.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ

-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр:

  • Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихдээ нийслэл Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ.
  • Тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн гол 2 заалтыг нэмж оруулжээ.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ”

-ийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед:

  • Нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд  оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөхөөр тусган баталлаа.
Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх бөгөөд үндсэн зорилтын хүрээнд дараах нарийвчилсан заалтууд батлагдсан юм.

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ:

  • Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжийг олгоно. 
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө. 
  • Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна. 
  • 25 хувийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон. 
  • Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.
  • Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгжийн дотоод, гадаадын анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна. 
  • Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна. 
  • Татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон буурууллаа. 
  • Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 жил болгон буурууллаа.
  • Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. 
  • Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ. 
  • Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө. 
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлнө. 

ТАТВАРЫГ ЭНГИЙН ХЯЛБАР БОЛГОХ:

  • Жилийн 6 тэрбум хүртэл төгрөгийн татвар ногдуулах орлоготой аж ахуйн нэгж жилд 2 удаа тайлан гаргана.
  • Хуульд заасан шалгуур хангасан бүх төрлийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцохыг зөвшөөрнө.
  • Ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж 3 хоногийн дотор залруулах боломжийг олгоно.
  • Татварын тайланг 1 жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг олгоно.
  • Татварын албаны үндэслэлгүй хураасан илүү төлөлтийг нэн тэргүүнд алдангийн хамт буцаан олгоно.
  • Хуульд заасан нөхцөл үүссэн, хүндрэлтэй татвар төлөгчийн өр төлөх хугацаа 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил хүртэл болгон нэмэгдүүлсэн.
  • Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх олон нийтэд ил тод, нээлттэй нэгдсэн зөвлөмжийг гарган татварын байцаагчид хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй болно.
  • Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ. 

ТАТВАРЫН АЛБА, БАЙЦААГЧДЫН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛСЭН:

Татварын улсын байцаагчийн үйлдсэн доор дурдсөн зөрчилд 10 хүртэл жил эргэж орох эрхгүй хүртэл халах Захиргааны шийтгэл оногдуулна.

  • Гаргасан акт нь эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон
  • Татварын ерөнхий хуулиар хамгаалагдсан татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан
  • Хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

Татварын улсын байцаагч дээр дурдсан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учруулсан уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцна. 

ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ БОЛОМЖИЙГ ХААЖ, ТАТВАРЫН СУУРИЙГ ХАМГААЛНА

  • Татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлж татвараас зайлсхийх эрсдлийг бууруулна. 
  • Олон улсын стандартад нийцсэн үнэ шилжилтийн эсрэг дүрэм журмуудыг нэвтрүүлэн татварын бааз суурийг хамгаална. 
  • Татварын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж татварын үйлчилгээг бүрэн цахимжуулна. 
  • Татварын зорилгоор дэлхийн 190 гаруй улстай мэдээлэл харилцан солилцоно. 

ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД ТАТВАРЫН ӨР ШИЛЖИХ ТУХАЙ

Нас барсан болон нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөнд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй. (Хуулийн 14.69) 

Торгуулийн үүрэг өв залгамжлагчид шилжих эсэх маргаантай асуудлыг тодорхой болгосон

ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ АСУУДЛААР:

73.2. Доор дурдсан нөхцлүүд нэгэн зэрэг бий болсон тохиолдолд татварын алба татварын өртэй гадаадын иргэн, харьяалагүй хүнийг татварын өрөө төлж дуустал хилээр үл нэвтрүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах эрхтэй:

            73.2.1. татварын өртэй этгээдэд татварын өр барагдуулах хөрөнгө, авлагагүй

            73.2.2. татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээшгэж хуульд заасан юм.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХАМТ

БАТЛАГДСАН ХУУЛИУД: 

    1. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Татварын давуу эрхийн зарчим, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор татан буугдаж байгаа хуулийн этгээдээс төлбөр гаргуулах дараалалд өөрчлөлт оруулан бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах төлбөрийн дараа татварын өрийг барагдуулахаар нэмэлт оруулсан. 

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: 

Татварын алба татвар хураах, өр барагдуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн лавлагаа гаргуулах, баримт бичиг гэрчлүүлэх, баталгаажуулах, барьцааны бүртгэл хийлгэхэд шаардлагатай улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг чөлөөлөхөөр нэмэлт оруулсан.

    3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Тусгай зөвшөөрлийг татварын өрөө төлөхгүй удаа дараа зайлсхийсэн тохиолдолд татварын албаны хүсэлтийг үндэслэн түр хугацаагаар түдгэлзүүлэхээр нэмэлт оруулсан. Энэ нь татварын өрийг барагдуулах, тухайн татвар төлөгчийг татвар төлөх хөшүүрэг болгох зохицуулалт юм. 

    4. Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

 Татварын давуу эрхийн зарчим, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор хуульд хэрэг гүйцэтгэгч хариуцагч буюу дампуурсан этгээдийн мөнгөн хөрөнгийг татварын өрийг барагдуулсны дараа бусад нэхэмжлэгчид хуваарилахаар нэмэлт оруулсан.

     5. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын талаар: 

Татварын ерөнхий хуулиар татварын зорилгоор бусад улстай мэдээлэл харилцан солилцохоор банк, санхүүгийн байгууллагын мэдээллийг авдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байгаатай холбогдуулж банк, санхүүгийн байгууллагуудад мөрдөх холбогдох өөрчлөлтийг хийх шаардлагатай болсон тул дээрх хуулиудад нэмэлт оруулсан. 

    6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Татвар төлөгчтэй холбоотой аливаа мэдээлэл боловсруулдаг төрийн болон орон нутгийн байгууллагаас холбогдох мэдээллийг авах, мөн орон нутгийн татвар хураалтын үйл ажиллагаанд орон нутгийн байгууллагууд оролцохтой холбогдуулж зарим чиг үүргийг хуульд нэмж тусгасан. 

    7. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Татварын алба нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардсан мэдээллийг тус хуулийн мэдээлэл өгөхийг хориглосон зохицуулалтад хамаарахгүй байх нэмэлтийг тусгасан.

    8. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: 

Банк гаалийн татварын баталгаа гаргах харилцааг зохицуулахад хүлээх хариуцлага болох хүүгийн зохицуулалтыг Татварын ерөнхий хуулиас иш татахаар байсныг өөрчилж, шууд Гаалийн тухай хуулиар зохицуулахаар өөрчлөлт оруулсан.

    9. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар:

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улсын иргэнийг бүртгэхдээ татвар төлөгчийн дугаарыг олгох заалтыг нэмж тусгасан.

    10. Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

 Чөлөөт бүсийн тухай хуульд заасан орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хасч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулах өөрчлөлтийг тусгасан. 

    11. Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: 

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд татварын хуулиар хүлээлгэх хариуцлагын заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Газрын төлбөрийн тухай хуульд заасан хариуцлагыг Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар өөрчилсөн. 

    12. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг түдгэлзүүлэхгүй байх нөхцөлийг тусгахдаа зөвхөн албан татвар гэж заасан нь төлбөр, хураамжийг орхигдуулсан байна. Иймд хууль хоорондын уялдааг хангах зорилгоор түдгэлзүүлж болохгүй захиргааны актад албан татвар, төлбөр, хураамж хамаарахаар өөрчилсөн. 

    13. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд бусаар борлуулахад татвар ногдуулахтай холбоотойгоор Татварын ерөнхий хуульд эцсийн эзэмшигчийн тодорхойлолтыг тусгаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг хасах өөрчлөлтийг тусган баталлаа.