Сумъяабазар.Д 2019.04.30 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонсов.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийн тайланг сонсов. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулгынхаа эхэнд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжаалах, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын тэргүүний зорилт болохыг дурдав. Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах замаар тус ордын үнэ цэнийг өсгөж, холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг баталсан юм. Тус тогтоолын мөрөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэсэн бүтээн байгуулалтыг том зургаар, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээ зорилт тавин ажиллаж байна гэв.

Тодруулбал, үнэт цаасны зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд олон улсын болон дотоодын зах зээлд үе шаттайгаар үнэт цаас гаргах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлэх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 5 үндсэн мэргэжлийн оролцогчдыг шалгаруулсан байна. 2019 оны 2 дугаар улиралд багтааж олон улсын андеррайтер болон холбогдох хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, татварын асуудлаар дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчдыг болон дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэргэжлийн оролцогчдоо шалгаруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв.

Нүүрсний тээвэрлэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой автозамын төслийн хүрээнд автозамын концессыг амжилттай зохион байгуулж 2 төслийг сонгон шалгаруулаад байгаа болТавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн 435 км хүнд даацын хатуу хучилттай автозамын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэв. Төмөр замын бүтээн байгуулалтын хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг компанийн хөрөнгийн зах зээлээс босгох хөрөнгөөр бус, харин одоогийн боломжит өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр холбогдох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буйг танилцууллаа. Түүнчлэн Тавантолгой ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр байгуулж, түүнийг хангах эрчим хүч, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх асуудлуудаа үе шаттайгаар судалж, төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Д.Сумъяабазар сайд танилцуулсан.