Даваасүрэн.Ц Ё.Баатарбилэг Н.Цэрэнбат У.Хүрэлсүх 2019.05.01 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.

Үүнээс өмнө Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Үндэсний хэмжээний театр, Байгалийн түүхийн музейтэй болох шийдвэр гаргаж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд болон холбогдох албаныхны хамт Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзсан билээ. 

2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих болон “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.