Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа
2019.05.01

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2019.05.01) 15 цаг 49 минутад 62.5 хувийн ирцтэйгээр эхэлж, “Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл”-ийн талаарх Үндэсний хөгжлийн газрын танилцуулгыг сонслоо.

Илтгэлийн танилцуулгыг Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, “Манай улс Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2019 оны уулзалтын үеэр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах 42 орны жагсаалтад багтсан. Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаар уг илтгэлийг боловсруулж, тайлагнахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах үүргийг Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 165 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд илтгэлийн төслийг “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан боловсруулаад байна.

Илтгэлийг жил бүр НҮБ-аас зохион байгуулдаг Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулна. Үндэсний сайн дурын илтгэлийн товч тайланг энэ сарын 17-ны өдөр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст хүргүүлэх журамтай. Харин эцсийн хувилбарыг ирэх зургаадугаар сарын 14-ний дотор хүргүүлж, долоодугаар сарын 16-ны өдөр танилцуулах үйл ажиллагаа болно. Үндэсний илтгэлийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын зөвлөх багтай хамтран ажиллалаа” хэмээн дурдав.

Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл нь “Үндэсний сайн дурын илтгэл боловсруулсан танилцуулга”, “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн төлөв байдал”, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах бодлогын орчин”, “Хөгжлийн тулгамдсан асуудал-Агаарын бохирдол”, “Нэгдсэн дүгнэлт” гэсэн 5 бүлэгтэй. НҮБ-аас 1995 оны есдүгээр сард 193 гишүүн орныг нэгтгэсэн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан байдаг.

Дэлхийн улс орон бүр эдгээр зорилтыг үндэсний хөгжлийн төлөвлөлтийн үйл явц, бодлого, стратегидаа тусгах ажлыг хийсэн бөгөөд манай улс ч “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг батлан гаргасан. Гэвч Үндэсний хөгжлийн газраас хийсэн судалгаагаар манай улс НҮБ-ын дээрх зорилтуудаас 45 хувийг нь бодлогын баримт бичгүүддээ тусгаагүй гэсэн дүн гарчээ. Харин одоогоор дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтөд хэрхэн тусгагдсан талаарх судалгааг хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт нэгтгэж дуусгахаар ажиллаж байна гэдгээ Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн хэллээ.

Манай улсын хувьд хуульчилсан бодлогын баримт бичгийг баталж, парламентад албан ёсны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороотой байгаа нь сайн талтай ч төсвийг зорилго, төлөвлөлттэйгөө уялдуулах, урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх зорилтоо зөв эрэмбэлэх, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх тал дээр дутагдалтай байгааг илтгэлд тусгасан байна.

Ингээд илтгэлийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, А.Ундраа нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. Гишүүд Монгол Улс ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган"-ыг тавдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ үеэр үндэсний сайн дурын илтгэл яригдана. Иймд уг илтгэлд нөхцөл байдлыг бодитоор нь тусгах нь зүйтэйг сануулаад илтгэлийн эцсийн хувилбарыг бэлэн болмогц УИХ-д хүргүүлэх чиглэл өгөв.