2019.05.02

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн бухимдал болсон хэргүүдийг бүрэн шийдвэрлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Хуулийн байгууллагад ажиллажж байсан. Туршлагаараа хуулийн хүрээнд шаардлага хангаж байна.

Нийгэмд яригдаж байгаа асуудлуудыг та бүхэн мэдэж байгаа. 1. Улс төрчдийн оролцоотой томоохон хэргүүдийг илрүүлдэггүй.

2. Нам дамжсан бүлэглэлүүдийг шалгаж буй нэрийн дор хүмүүсийг хэлмэгдүүлдэг ийм 2 туйлруу яваад байна. Тиймээс та бүхэн нуруутай шийдэх хэрэгтэй.

Жишээлбэл, халаагаа өгч байгаа өмнөх дарга чинь Өршөөлийн хууль гаргаж 33 их наяд төгрөгийг өршөөсөн гэж байна. Ингэж хууль гаргаж луйвар хийж байгаа асуудал бий. Оюутолгой, Дубайн гэрээ, Эрдэнэт, Капитал банкны дампуурал гэх мэт хэргүүд дээр бид энд хэлэхээс цааш хүч хүрдэггүй. 

Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхдийг шалгаад илрүүлэх боломжтой. Ингэж чадахгүй байгаагаас болж доошоогоо шат шатандаа явагдаад олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна."