2019.05.02

Ц.Даваасүрэн: Улс орны эрх ашгаас урвасан хэн ч төрийн өмнө толгой гудайдаг болох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Улс орны эрх ашгаас урвасан хэн ч бай хуулийн өмнө толгой гудайдаг болох ёстой. Өнөөдөр эх орны эрх ашгаас урвадаг байдал их байна. Жишээ нь Оюутолгой дээр. Ийм хүмүүс хүчний байгууллагад хүнээ байршуулж хоног өнгөрөөхийг боддог. Өнөөдөр биш ч маргааш үр хүүхдүүдийн чинь ч хаалгыг тогшоод очно.

Тиймээс эх орны эрх ашгаас урвагчид амьдрах орон зайгүй, боломжгүй болох ёстой. Өнөөдөр үүссэн хэргүүд дээр та бүхэн очоод баллуурдвал та бүгд том хар толбо, улс төрийн золиос болно. Эхлүүлсэн хэргийг хэрхэн шийдэхийг нийгэм харж байгаа.

АТГ-ын зарим хүмүүс тендерт оролцож байгаа сурагтай. Ийм байж болохгүй. АТГ хүнийг дарамтлан мөрдөн шалгахаас илүү урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй юм шүү."