Б.Бат-Эрдэнэ 2019.05.02 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалтанд авсан газруудаа нинжа нараас хамгаалах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон зарласан. Энэ онцгой шийдвэр гарсантай холбогдуулан түүхэн аялал жуулчлалын бүс, Их эзэн Чингис хааны төрж мэндэлсэн өлгий нутгийг уул уурхайгаас чөлөөлөх нь нэн чухал байна. Өмнө нь ашиглаж байсан уул уурхайн хэсгийг яриагүй. Хэрлэн, Онон голуудыг дагасан бүс нутаг, Гутайн даваан орчимд хэд хэдэн лиценз бий.

Хан хэнтийн дархан цаазат газар, цаана нь Онон балжын байгалийн цогцолбор газрын аль нэгт хамруулан хамгаалалтад авах шаардлагатай байгаа юм. Үүнд хариулт өгнө үү?

Тусгай хамгаалалтад авсан газруудаа бид хэрхэн хамгаалж байна вэ? чадаж байна уу? лиценз авах гэсэн, лицензтэй байсан эсвэл цуцлуулсан нөхдүүд нинжа оруулаад ашиглаад эхэлдэг тал бий. Ийм хууль бус үйл ажиллагаа бий юу?"