Занданшатар.Г 2019.05.02 | Vip76.mn

Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуулийн төслүүдийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа үед төрийн нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалт уялдааг хангах цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж зарчмын зөрүүтэй санал дээр маргаантай асуудал үүсэн 18 цаг болсон тул хурлын дарга цаг сунган хуралдах эсэх талаар санал асуухад гишүүдийн олонх маргааш үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв гэж үзэн чуулган завсарлалаа.